<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон
featured

Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын төрийн бодлогын цөм нь монгол хүн. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдал нь монгол хүний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлэхийн тулд хүнсээ сайжруулах ёстой юм. Иймд хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэх нь туйлын чухал гэдгийг Ерөнхийлөгч мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр ньхүргэж байна.

Улсын Их Хурлын дарга,,Ерөнхий сайд, Эрхэм гишүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

 Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил–10 зорилт” хөгжлийн санаачилгыг Монгол Улсын Төрийн тэргүүн дэвшүүлсэн.

Энэхүү зорилт нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгалаа олсон нь сайшаалтай.

Дээрх 10 зорилтын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд оролцож байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал нь Монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.

Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Хүн эрүүл байвал Монгол Үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, бие бялдрын зохист хэм хэмжээнд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал байна.

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон гэж бодоорой” хэмээн айлдсан гэдэг.

Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Социализмын үеийн он жилүүдэд ч Монгол оронд аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1986 онд “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ”-ыг дэвшүүлэн тавьж байсан түүхтэй.

Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэж байна.

Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.

Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт боллоо.

Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байна.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон бордооны үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүй хамгийн өндөр хувиар өсөөд байна. Ялангуяа, үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, түүн дотроо үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 20 хувиар өссөн байна.

НҮБ-ийн судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт 53 орны 193 сая хүний хүнсний аюулгүй байдал алдагдсан нь 2020 онтой харьцуулахад 40 сая хүнээр өссөн дүн гарчээ. Нөхцөл байдал 2022 онд улам дордох төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.  

Хүнсний гол экспортлогч улсууд болох манай хоёр хөрш ОХУ, БНХАУ хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна. Тухайлбал, иргэдийн орлогын өсөлт, хүн амын насжилт, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан БНХАУ-ын дотоодын хүнсний хангамжийн түвшин 2030 он хүртэл буурах эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагууд сануулж байна.

Манай Улстай эдийн засгийн бүтцээрээ ижил төстэй орон болох Казахстан улс гурил, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг ч цаашид хүнсний хангамж, аюулгүй байдал нь эрсдэлд орж болзошгүй байгааг судлаачид онцолж байна.

Мөн дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны нэг болох Турк улсад  сүүлийн 20 жилд байгаагүй ихээр инфляц нэмэгдэж, 70 хувьд хүрлээ. Энэхүү  инфляцын огцом өсөлтөд хүнс, тээврийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Ийнхүү дэлхий нийтээр хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж байгаа учраас өнгөрсөн 4 дүгээр сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагууд хамтарсан уриалга гаргаж, дэлхий нийтээрээ уг асуудалд онцгой анхаарахыг санууллаа.

Эрхэм төрийн түшээд ээ,

Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авчээ.

Бид зөвхөн төмс, гурил, мах гэсэн гуравхан бүтээгдэхүүний хэрэгцээгээ л дотоодоосоо хангаж байна.

Гэтэл гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа ч бараг 100 хувь гаднаас авч байна.

Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ.

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна.

Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн энэхүү эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, сүүлийн үед олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлаар улам бүр мэдрэгдэх боллоо.  

Тухайлбал манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна.

Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Зөвхөн хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, улс үндэсний аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх ёстой.   

Тухайлбал, Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг илтгэж байна.

Мөн НҮБ-ийн судалгаанд манай улсын хүн амын 20 хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнс бүрэн авч чадахгүй байгааг онцолжээ.

         

Хүн амд шим тэжээлтэй хоол, хүнс хүрэлцэхгүй байх асуудал зөвхөн хүнсний хангамжийн асуудал биш юм. Ажилгүйдэл, ядуурал, өрхийн орлого ч шууд нөлөөлж байна.

Цаашид бид улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах түүн дотроо тогтвортой хөгжлийн хамгийн гол үзүүлэлт болох хүнсний хангамж, аюулгүй байдлаа эрс сайжруулах нь урьд урьдынхаас илүү чухал байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганыг өнгөрсөн сард зохион байгуулж, чуулганаас гаргасан зөвлөмжийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт  хүргүүлсэн.

Төрийн тэргүүн УИХ-ын чуулганд Үндэсний аюулгүй байдал, улс орны гадаад болон дотоод нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн.

Мөн өнгөрсөн 7 хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргалаа.

Эрхэм нөхөд өө,

Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт Төрийн зүгээс үзүүлсэн дэмжлэг тийм ч бага байгаагүй. Харин бодит үр дүн, ахиц дэвшил ямар байгааг Та бүхэн дор бүрнээ тунгаан бодож, эргэцүүлэн дүгнэх нь зүйтэй.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй гэж дүгнэсэн.

Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтаа сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна.  

Орчин үеийн хөдөө аж ахуйн салбар нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, аливаа эрсдэлд дархлаатай, өрхийн үйлдвэрлэлээс улс үндэстний үйлдвэрлэл хүртэл хүртээмжтэй, засаглал, санхүүжилтийн оновчтой тогтолцоотой байх ёстой.

Өөрөөр хэлбэл манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эрүүл малтай, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, суурь дэд бүтэцтэй, санхүү, даатгалын оновчтой тогтолцоотой, шинэ техник, технологийг нэвтрүүлсэн, мэргэшсэн хүний нөөцтэй, хувийн хэвшилд тулгуурласан байх шаардлагатай.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санал болгож байгаа бөгөөд УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина.

Та бүхэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхдээ дараах тогтолцооны 5 шинэчлэлийг анхаарах ёстой. Үүнд:

Нэгдүгээрт:  Хууль, эрх зүйн орчны давхардлыг арилгах, төрийн байгууллагуудын тогтолцоо, уялдааг сайжруулах, чиг үүргийг оновчтой болгоход чиглэсэн Хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлах;

Хоёрдугаарт: Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчлэн, кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанд суурилсан шинэлэг бодлого хэрэгжүүлэх;

Гуравдугаарт: Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулахад чиглэсэн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, хяналтын нэгдсэн оновчтой бүтэцтэй болох;

Дөрөвдүгээрт: Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан санхүү, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;

Тавдугаарт: Хөдөө аж ахуйн салбарт мэдлэг, чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх;

Эдгээр тогтолцооны 5 шинэчлэлийг хийснээр өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангаж, манай улс ойрын хугацаанд хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох бүрэн боломжтой.

Түүнчлэн хүнс экспортлогч улс болоход чиглэсэн эрс шийдэмгий алхам хийж, хүнс үйлдвэрлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн кластер, бүсчилсэн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. 

Монголчууд бид ирэх 5 жилд гол нэрийн 13 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийцгээе.

          Өөрөөр хэлбэл малын мах, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, загас, жимс, жимсгэнийн тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлэх ёстой. Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилгыг дэвшүүлж байна.

Энэ хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын баталсан “Атрын 4-р аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг уялдуулах;
  2. Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, экспортлоход шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах;
  3. Шинжлэх ухаанд суурилсан төрийн бодлого хэрэгжүүлж, шинэ техник технологи, инновацыг нэвтрүүлж, бүтээмжийг дээшлүүлэх;
  4. Боловсон хүчний дутагдалтай байдалд онцгой анхаарч, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттайгаар бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах;
  5. Үржил шимтэй хөрс, цаг агаарын таатай нөхцөл бүхий бүс нутгаа түшиглэн хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах;
  6. Итгэмжлэгдсэн лабораториудыг хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;
  7. Хүнсний сүлжээний бүх үе шатанд стандарт, техникийн зохицуулалтыг чанд мөрдүүлэх, баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх;
  8. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний стратегийг боловсронгуй болгох, мал сүргээ богино хугацаанд бүрэн эрүүлжүүлэх;
  9. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалт, тээвэр логистикийн оновчтой сүлжээ, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бүсчлэн хөгжүүлэх;
  10. Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;
  11. Газар тариалангийн суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
  12. Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөцийг бүрдүүлдэг болох;
  13. Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудыг чадавхжуулах;
  14. Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх;
  15. Хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуй нэмэгдүүлэх, хүн амыг амин дэмтэй хүнсний ногоогоор тогтвортой бүрэн хангах;
  16. Хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулахад техник, технологийн шинэчлэл хийх, түүхий эд, бүтээгдэхүүний агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, эргэлтийн хөрөнгөөр дэмжих оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
  17. Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авдаг “Эх оронч худалдан авалт”-ын тогтолцоог бүрдүүлэх;
  18. Санхүүжилт, мөнгө, зээлийн таатай орчныг бүрдүүлж, зах зээлийн зарчимд суурилсан санхүү, даатгалын оновчтой тогтолцоог нэвтрүүлэх;
  19. Ард иргэдэд эрүүл хоол хүнс, түүний зөв зохистой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах;
  20. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд агро-ойн аж ахуй байгуулах, суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэнэ, цэцэрлэгийн аж ахуйг хөгжүүлэх;
  21. Цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдийн дундах амин дэм, эрдсийн дутал, шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор хүүхдийн хоол тэжээлээс хоногт авах шимт бодис, илчлэгийг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах;
  22. Хүнсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаа үйлчилгээнд стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болох;

Дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад бид хүнс экспортлогч орон болж чадна.

Энэхүү “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Тэрбум Мод” болон “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх ёстой.

“Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний суурь зорилгын нэг нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, хөрс, газрын доройтлыг сэргээх асуудал юм.

Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална гэсэн үг, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг юм.

НҮБ-ийн судалгаагаар Монгол Улс жил бүр 2.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрсөө алдаж байгааг анхааруулсан байдаг.

Эрүүл, үржил шимтэй хөрсгүйгээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг төсөөлөх боломжгүй.

Түүнчлэн хөдөө аж ахуйн кластер, ой мод, жимс жимсгэнэ, хүнс үйлдвэрлэлийн Агро-Парк түшиглэсэн хотхонууд бий болгосноор нийслэл хотын хүн амын төвлөрөл буурч, эх байгальдаа эрүүл орчинд амьдрах амьдралын зөв хэвшил бий болно.

Ингэснээр Монголчууд бид хоол, хүнсний шим тэжээл, хангамждаа хувьсгал хийж, иргэдээ эрүүл чийрэг, ажилтай орлоготой болгохын зэрэгцээ үр хойчдоо ногоон байгаль дэлхийгээ өвлүүлж чадна.  

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх шим тэжээлтэй, чанартай монгол хүнс үйлдвэрлэн хүнснийхээ хангамжийг сайжруулж, улс орныхоо аюулгүй байдлыг хангахад иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид онцгой үүрэгтэй.

Харин төр засаг нь иргэд, баялаг бүтээгчдээ дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ёстой.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, баялаг бүтээгчид, ард иргэд бүх нийтээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хүчирхэг Монголын төлөө хамтдаа зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай!