<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна
featured

Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна

 Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга, Ц.Оюундарь, Ч.Отгочулуу, О.Баасанхүү нар цаг үеийн асуудлаар 

мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр :Тэрбээр "2021 он хүний эрхийг зөрчсөн, үүний төлөө тэмцсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлгасан жил боллоо. Харамсалтай нь энэ асуудлаар эрх баригчид бодитой ажил хийсэнгүй. Харин АН-ын бүлгээс эрх нь зөрчигдсөн, үг хэлснийхээ төлөө хоригдсон, шалгагдсан иргэдийнхээ талд зогссон. Хүний эрхийн дэд хороотой хамтран нээлттэй сонсгол зохион байгуулсан. Цаашид хүний эрхийг хамгаалахын төлөө бүлэг тууштай ажиллана. 

Түүнчлэн өнгөрсөн он хөшөө дурсгалыг хэдэн тэрбумаар бариад нураасан төсөвтэй жил болсон. 32 тэрбум төгрөгөөр нэг хөшөө барих тухай ярилаа. Хөшөө дурсгал барихтай холбоотой 290 гаруй төсөл хөтөлбөр улсын төсөвт суусан байсан. Төсөв уйлдаг бол уйлахаар л төсөв баталсан. Энэ байдал дээр эрх баригчид анхаарч ажиллах хэрэгтэй. 

Хөгжлийн банкны мөнгийг хэдхэн улстөрчдийг тойрсон хүмүүс хувааж аваад дуусгадаг байж таарахгүй. Энэ бүхний зэс нь дөнгөж цухуйж байна. Үүний оронд жижиг дунд бизнес эрхлэгчдээ татвараас чөлөөлөх нь илүү бодитой алхам. Хурааж байгаа татвар хуульчлагдсан тонуул болж хувирлаа. Сан, банк байгуулаад хөрөнгө төвлөрүүлж байгаад хэдхэн хүнд хуваарилдаг байж болохгүй. 

Дараагийн нэг асуудал бол тэтгэвэр, тэтгэмж гэдэг бол халамжийн бодлого биш. Төрийг цомхон байлгах тал дээр дорвитой ажил хийсэнгүй. Хаврын чуулганд нэн даруй хэлэлцүүлэх хуулийн жагсаалтыг гаргана. Дөрвөн хуулийн төсөл бэлэн болж байгаа. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төслийг өргөн барина. Мөн иргэний улс төрийн эрхийн тухай хууль бий. Энэ эрхийг нь нээж өгье. 

Хариуцлагын асуудлыг яримаар байна. Намрын чуулганаар УИХ 16 хууль баталсан байна. Тухайн хуулиуд дотор төрийг хариуцлагатай болгох чиглэлд нэг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан нэртэй 200 гаруй хүн бий ч хариуцлага тооцдог хууль байхгүй. Ийм хуультай болох ёстой. Төсөл нь бэлэн болсон бөгөөд хаврын чуулганаар өргөн бариулна. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах юм. 

Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон. Бүртгэл, санхүүжилт, илт тод байдлаас эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй" гэлээ. 

АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-МАН 2016 оноос хойш тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Гэтэл бодит байдал дээр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлого нэмэгдэхгүй байна. Төгрөгийн ханш сул байгаа учраас худалдан авах чадвар маш муу байна. 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллартай тэнцэх жишээний.

Зарим сумын төв хоёр дахь соёлын төвөө барьж байна. Энэ объектуудыг хувьчлах ёстой. Урсгал зардал гээд олон их наяд төгрөг зарцуулахын оронд тэр мөнгөө насаараа төрд ажилласан, зүтгэсэн хүмүүст олгох хэрэгтэй.

Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа учир тэтгэвэр нэмнэ гэдэгт итгэхэд хэцүү байна. Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна

Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй

АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:

-Монгол Улсын Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна.

Монгол Улсын төсвийн 98 хувийг уул уурхайн татвар, хоёр хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үүнийг тэглэх нь татварын бааз, мэдээллийг алдана гэж үздэг. Бодит байдал дээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас энэ татварыг хасчихад л бодит дэмжлэг болох юм.

Хэрэв илүү татвар татаасаа багасгачихвал заавал ингэж баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихвал л болохоор байхад эрх баригчид үүнээс татгалзаад байна. Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна.

Төрийн албанд ажилладаг үйлчилгээний ажилтнуудын цалинг хүртэл хасах шийдвэр гаргасан. Өндөр дээд албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргаж байгаа нь утгагүй шийдвэр. Үүний төлөө үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх гэж байна.

Тэтгэвр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох л чухал асуудал. Гэтэл боов, чихэр тарааж, ард иргэдийн тэр дундаа өндөр настнуудын тархийг угааж байхаасаа ичих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол АН цаашид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.

Таг: