<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүд импортыг орлох инновац шингэсэн бүтээл гаргажээ
featured

“Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүд импортыг орлох инновац шингэсэн бүтээл гаргажээ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн нэг болох булинга шахах зориулалт бүхий Грат-1400 маркийн шахуургын ажлын цагийг уртасгах санаачилга гаргасан нь өдгөө импортыг орлох инновацын шинэ бүтээл болжээ.  

Тус үйлдвэр 1978 оноос Грат-1400 маркийн булинга шахах шахуургыг  ашиглаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шахуургын ажлын цагийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн удаа сайжруулалт хийсэн боловч дорвитой үр дүнд хүрээгүй байсан аж. 2008 оны үед шахуургын ажиллах цаг 120-150 цаг хүртэл буурч жилийн хэрэглээ эрс нэмэгдсэн байна. Тэр үед жилд 360-400 насосыг сэргээн засварлах болон шинээр үйлдвэрлэх болсон ба зөвхөн Грат-1400 маркийн шахуургын зардал нийт зардлын 90 хувийг дангаараа эзэлж байжээ. Шахуургын ажлын цаг буурч, хэрэглээ эрс өссөн шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ 32 сая тн хүртэл өсөж, хүдрийн хатуулаг нэмэгдсэнтэй холбоотой цахилгаан зарцуулалт 16.8 квт*цаг/тн болсон зэргээс шууд хамаарсан талаар инженерүүд нь тайлбарлав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид 2012 оноос Грат-1400 маркийн шахуургад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, үйлдвэрлэлийн туршилтыг 2015 онд амжилттай явуулж, ажлын цагийг 355-400 цагт хүргэн 2016 оноос үйлдвэрлэлийн шугамд бүрэн шилжүүлжээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн боловч хэрэглэдэг шахуурга хоёр дахин буурснаар засварын зардал хэмнэгдэж, бүтээгдэхүүний өртөг буурахад мөн нөлөөлсөн байна. Насосны ажлын цагийг 2.7 дахин уртасгаснаар үйлдвэрлэлийн зардлууд буурч, 2016 оны байдлаар зөвхөн нэг жилд 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан үзүүлэлт одоо ч үргэлжилж байгаа төдийгүй технологийн чанарт өөрчлөлт гарч металл авалтын хэмжээ 2018 онд түүхэн дээд үзүүлэлт буюу 83.9 хувьд хүрч байжээ.

Импорт орлох шилдэг бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн Грат-1400 маркийн булингын шахуургыг шинэчлэн оновчилж, ашиглалтын цагийг уртасгаж, үйлдвэрлэлд үр ашигтай байх бодит нөхцөлийг бүрдүүлж чадсан инженерүүдэд Монгол Улсын Оюуны өмчийн газраас 2018 онд 10-0004669 бүртгэлийн дугаартай “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн патент, 2019 онд инновацын шинэ бүтээгдэхүүнээр тодорхойлсон гэрчилгээ олгосон байна. Ийнхүү шинэ бүтээлийн патент авсан үндэсний инженерүүдийн бүтээл Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол Улсын эдийн засагт үлэмж үр ашиг авчирсан бөгөөд уул уурхайн салбарт гадагшлах мөнгөний урсгалыг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулсан шинэчлэл болжээ.