<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Н.Назарбаевын гэр бүлийн “саалийн үнээ” гэгддэг "Самрук-Казына" санг Токаев бут ниргэв
featured

Н.Назарбаевын гэр бүлийн “саалийн үнээ” гэгддэг "Самрук-Казына" санг Токаев бут ниргэв

Назарбаевын гэр бүлийн “саалийн үнээ”

 Токаевын бут ниргэсэн "Самрук-Казына" сан Елбасын гэр бүлийн “саалийн үнээ” байв. Казахстаны парламент дээр үг хэлэхдээ Касым-Жомарт Токаев  үндэсний баялгийн "Самрук-Казына" сангийн талаар  сайн үг дуугарсангүй. Олон нийт санг “Елбасын гэр бүлийн саалийн үнээ” гэж хочилж иржээ. Елбасы гэдэг нь Нурсултан Назарбаевын өөртөө өгсөн “”Үндэсний эцэг буюу ард түмний удирдагч” гэсэн нэр юм.

 Казахстаны Ерөнхийлөгч Токаев тус сангийн үйл ажиллагааны зардал бүрхэг, үргэлж гомдол ирдэг талаар дурдсан.  Ийм сан байгуулах санаа Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт 2008 онд төржээ. Тэрээр Сингапурт очихдоо тэдний сантай танилцаад улсынхаа бүх чухал компаниудыг нэгтгэсэн сантай болохоор шийдсэн юм. Хөрөнгө оруулалтын компани байгуулан улсынхаа тэргүүн чиглэлүүдийг  хөгжүүлнэ гэж анхандаа ярьсан ч санг өөрийн гэр бүлийн “саалийн үнээ” болгосон байна.

"Самрук Казына" сан нь Казахын төмөр зам, КазШуудан, Казахтелекомаас эхлээд КазАтомпром хүртэл арав гаруй компанийг нэгтгэдзэг бол сангийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Казахстаны Засгийн газар. Компаниудын орлого нь үндэсний эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд хөрөнгө оруулалт болох ёстой байж. Токаевын хэлж буйгаар одоо сангийн хөрөнгө нь тус улсын ДНБ-ний 60 орчим хувьтай тэнцэж байгаа ажээ. Өнөөдрийн гол асуудал нь сангийн хөрөнгө хаашаа урссан вэ гэдэгт байгаа юм. Үнэхээр хөгжилд зориулагдав уу эсвэл хулгайлагдаад угаагдаж байна уу? Үнэндээ сангийн үйл ажиллагаа цар тахлаар тараа таниулсан.

Цар тахалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Токаев уг сангаас  бүх орлогоо улсын сан хөмрөгт оруулахыг шаардсан  байна. Гэтэл "Самрук-Казына" татгалзсан хариу өгч орлогынхоо дөнгөж дөрөвний нэгийг оруулж, бодит орлогоо нууж байв. Улмаар сангийн тэргүүн Ахметжан Есимов /Назарбаевын зээ хүү / өнгөрсөн оны гурван сард “өөрийн хүсэлтээр” даргын суудлаас  татгалзжээ. Олны дунд дамжсан яриагаар бол сангийн хөрөнгийг хувьдаа завшсан нь илэрсэн байна. 

Дээр нь уг сан байгалийн хийн өнөөгийн хямралд шууд нөлөөтэй. "Самрук-Казына"  сан нь Казахын хий боловсруулах үйлдвэрийг (КазГПЗ) эзэмшдэг атлаа тоног төхөөрөмжийн 90 хувь нь элэгдэлд орж хоцрогджээ. Гэтэл шинэ цех байгуулахын оронд хуучнаа металл болгон задлан зарах болсон байна. Хийн үйлдвэрлэл унаж, үйлдвэрийн эздийн олсон ганц арга нь үнээ нэмэх санаа байв. Тэдний араас бусад үйлдвэрүүд ч үнээ нэмжээ. 

 Эх сурвалж:eagle.mn

Ташрамд сонирхуулахад, Казахстаны эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээлснээр байгалийн хийн үйлдвэрийн засвар шинэчлэлд зориулан Самрук-Казынаас гаргах ёстой мөнгө нь Есимовын хүргэн  Галимжан Есеновын эзэмшлийн АТФ банкаар дамжин офшор данс руу нь оржээ.

Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үндэсний удирпдагчийн "тэжээлийн цэг”-т  бас нэг цохилт өгөн түүний бага охин Алия Назарбаевагийн  мэдлийн "Оператор РОП" компанийн үйл ажиллагааг зогсоов. Олны зүгээс  уг байгууллагад ихээхэн тааруу хандаж байсан бөгөөд байгууллага Казахстанд бизнес хөгжүүлэхийн оронд эзэн нь Лондон, Дубайд  үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь бүхнээ ил болсон юм.