<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Туваан: Угийн бичиг хөтлөх ажлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар манлайлах ёстой
featured

Ц.Туваан: Угийн бичиг хөтлөх ажлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар манлайлах ёстой

 УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төсөл 2 заалт, 7 дэд заалттай бөгөөд монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, монгол хүний оюуны чадавхи, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгасан зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан уг тогтоолыг баталснаар өрх бүр “Угийн бичиг” хөтлөх, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэстний дархлааг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн санал боловсруулсан байна. Тухайлбал, монгол хүний удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаар хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэхийг холбогдох албаныханд даалгах санал гаргасан байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх, хүүхдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, сургалт, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлийг дэмжих зэргийг тусгажээ.

Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Бейсен монгол хүний удмын санг хамгаалахын тулд генетикийн судалгааны лабораторийг байгуулж, хромосомын хэмжээнд судлах нь маш чухал хэмээв. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан Угийн бичгийг цаашид хөтөлдөг болох талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд манлайлах нь зөв гэсэн байр суурь илэрхийллээ. Түүнчлэн орон нутагт залуу гэр бүлийн, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах талаар тогтоолын төсөлд чухалчилж тусгах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Ийнхүү ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хурааж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Мөн байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулав.

Таг: