<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Бага орлоготой боловсролын салбарынхан УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ
featured

Бага орлоготой боловсролын салбарынхан УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

 
  Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгж Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос өнөөдөр буюу /2021.12.07/-нд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тодруулбал ирэх 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг төрийн үйлчилгээний 1-3 зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх тухай асуудалтай холбоотойгоор боловсролын салбарт ажиллаж байгаа олон мянган ажилчдын ажлын байрны баталгаа, нийгмийн асуудал алдагдахад хүрээд байгаа аж. Тус хэвлэлийн бага хуралд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар болон ҮЭ-ийн хороодын зарим дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Энэ үеэр СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг “Улаанбаатар хотод л гэхэд 266-н цэцэрлэгийн 3399 ажилчид ажлын байрандаа санаа зовнин сэтгэлийн дарамттай стресстэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажилчдын ихэнх нь 40-өөс дээш настай үндсэн цалин нь 470.000- 550.000 төгрөг байдаг. Тэд бага орлоготой цалин нь амьдралын баталгаа, нийгмийн асуудлаа шийдэхэд хүрэлцэхгүй байна. Гэсэн ч ажилласаар байгаа нь баталгаатай ажлын байртай, тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2.000.000- 20.000.000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн итгэлээр ажиллаж байгаа. Энэ тэтгэмжийг авахын тулд олон жил хамтын гэрээ хэлэлцээрт тусгуулж шаардлага тавьснаар 2019 оноос эхлэн тэтгэмж олгох засгийн газрын тогтоол гарч ажилчид төр засагтаа талархаж баяртайгаар хүлээн аваад байгууллагынхаа төлөө бүх хүчээрээ ажиллаж ирсэн.
 
Өнөөдөр Засгийн Газар, Улсын Их Хурал холбогдох газрууд шийдвэр гаргахдаа ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болох ҮЭ болон өөрийнхөө ажлыг чөлөөтэй сонгох эрх бүхий ажилчдын саналыг сонсохгүй, ажилчдын ажил олгогчийг нь цаанаас томилж хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна. Иймээс Засгийн газар, УИХ-ын гишүүдэд гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж ажилчдыг, ард түмнээ төрдөө итгэх итгэлтэй байж өөрсдийнхөө хүлээсэн үүргээ эрхийнхээ хүрээнд явуулахыг шаардаж байна. Дээрх асуудлыг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа 12-р сарын 14-ний дотор хэвлэл мэдээллээр болон холбогдох албан тушаалтан ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж мэдээлэл өгөхийг шаардаж байна” хэмээв.