<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Сүхбаатар аймгийн төв тойргийн замуудаар холбогдсон анхны аймаг болж байна
featured

Сүхбаатар аймгийн төв тойргийн замуудаар холбогдсон анхны аймаг болж байна

 Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтуудын нээлтийг өнөөдөр хийлээ.  Үүний нэг нь Баруун-Уртын таван тойргийн сүүлийнх буюу тавдугаар тойргийн сүүлийн хэсгийн бүтээн байгуулалт байв. Энэ замыг ашиглалтад оруулснаар Сүхбаатар аймгийн төв тойргийн замуудаар холбогдсон анхны аймаг болж байна. Бусад улс орнуудын түгжрэлийн асуудлыг шийддэг нэг гарц болох тойрог замыг Сүхбаатар аймаг ийнхүү Монголдоо анх удаа ашиглалтад оруулж байна.

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлийн автозамын эхлэл болох Улаанбаатар-Мөнххаан чиглэлийн автозам ашиглалтад орж байх үеэс тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн санаачилгаар Баруун-Уртыг тойрог замтай болгох ажил эхэлж байжээ. Тодруулбал, Ж.Батсуурийг аймгийн Засаг даргаар томилогдох үед Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сум төвдөө таван километр хатуу хучилттай замтай л байсан байна. Ингэж тойрог замд холбогдсоны эдийн засгийн үр ашиг нь их байгаа юм. Тухайлбал, Баруун-Уртын алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хашаа байшин ч эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж, үүнийг дагаад үнэ нь өсч байгаа ажээ. Учир нь эдгээр тойрог замуудыг хооронд нь мөн л тооно хэлбэрээр холбосон дэд автозамуудыг барьж байгуулж байгаа юм байна. Замыг дагаад дэд бүтэц, гэрэлтүүлэг нэмэгдэж алслагдмал гэгддэг байсан хорооллуудын үнэ цэнэ өсөж байгаа юм. Тавдугаар тойргийн замын сүүлийн хэсэг болох 3.3 километр замыг “Монгол зам групп” ХХК барьж байгуулсан байна. Энэхүү замын нийт өртөг гурван тэрбум төгрөг боловч энэ оны төсөвт нэг турбум  төгрөг л суулгаад байв. Харин “Монгол зам групп” ХХК өөрийн хөрөнгөөр богино хугацаанд энэхүү замыг барьж байгуулан өнөөдөр ийнхүү ашиглалтад оруулж байна. Тавдугаар тойргийн замын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал, “Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн нарын сэтгэгдлийг сонслоо.

 Сүхбаатар аймаг тойрог замаар холбогдсон анхны аймаг боллоо

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:Орчин цагийн хот ямар байж болохыг Баруун-Урт харуулаасай гэж олон жил зорьсон

Аймгийн төв Баруун-Урт хотоо таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөлтийг батлан хэрэгжүүлж, төлөвлөгөөний дагуу зорилт тавин ажилласнаар өнөөдөр хамгийн сүүлийн буюу тавдугаар тойрог замыг ашиглалтад бүрэн хүлээн авч байна. 70 гаруй жил хөгжсөн Сүхбаатар аймаг аймгийн төвдөө 5 км замтай л байсан. Өнөөдөр энэ зам ашиглалтад орсноор 2009 оноос хойш аймгийн төвдөө 60 гаруй км замыг бүтээж чадлаа. Замынхаа нээлтийг хийж байгаадаа сэтгэл догдолж байна. Зам өөрөө хөгжил авчирдаг. Орчин цагийн хот ямар байж болох вэ гэдгийг Сүхбаатар аймаг харуулах гэж олон жил зорьсон. Аймаг, орон нутгаа удирдаж байгаа, төрийн албанд ажиллаж байгаа өнөөдрийн залуус маань энэ том стратеги бодлогоо үргэлжлүүлэн ажиллаж байгаад УИХ-ын гишүүний хувьд баяртай явдаг. Мөн энэхүү бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн "Монгол зам" группын хамт олонд талархал илэрхийлье. Бид бүхэн нутгаа гэсэн сэтгэлээр хамтран зүтгэж, нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаагийн нэг баталгаа өнөөдрийн замын нээлт болж байна. Ирэх 2022 оны улсын төсөвт Сүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн асар том том бүтээн байгуулалтууд хийгдэхээр тусгагдсан. Дээр нь ОНХС, уул уурхайн хариуцлагын гэрээтэй нийлээд ирэх жил 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг бид Сүхбаатар аймагтаа хийх гэж байна. Аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт бүрд гар сэтгэл нийлэн хамтран ажилладаг, дэмждэг бүх хүнд талархаж буйгаа илэрхийлье."

 Сүхбаатар аймаг тойрог замаар холбогдсон анхны аймаг боллоо

Н.Ганибал:Улсын төсвийг үр ашигтай зарцуулж болдгийн жишээг манай аймгаас харж болно

Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй зарцуулж болдгийг сүхбаатарчууд бусад аймгууд болон УИХ-ын гишүүдэд харууллаа. 2008 онд Сүхбаатар аймагт АН ялаад, Ж.Батсуурь даргатай болоод хийгдсэн хамгийн эхний ажил бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө байсан. Өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч буй энэ замын ажил бол 2008 оны төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлын нэг үргэлжлэл нь, замынхаа хувьд дуусгавар болж байна. Аливаа ажлыг төлөвлөж, түүнийхээ дагуу хийж, хэдий урт хугацааг туулсан ч гэсэн дуусгаж чаддагаа сүхбаатарчууд бид харуулж чадлаа. Тухайн үед өнөөдрийн Засаг дарга М.Идэрбат Баруун-Урт хотыг удирдаж байсан. Өнөөдөр ИТХ-ын даргын алба хашиж буй Д.Хосбаяр маань аймгийн орлогч дарга байлаа. Шижирбаатар дарга ИТХ-ын дарга байлаа. Энэ хүмүүс хамтдаа эхлүүлсэн ажлынхаа эцсийг хамтдаа үзэж байгаад баяртай байна. Бид Сэлэнгэ аймаг шиг хоёр бассейн барина гэж маргалддаггүй, бүхэл бүтэн Засгийн газар Дарханы замыг барьж чадахгүй, толгойгоо гашилгаж байгаа шиг юмны өмнө сөгдөж үзээгүй хамт олон. Энэ бол бид бүгдийн сэтгэл зүрх нэг байж чаддагийн үр дүн. 5-р тойргийн замын ажлыг гүйцэтгэсэн “Монгол зам” ХХК-ийн хамт олонд баярлалаа.

 Сүхбаатар аймаг тойрог замаар холбогдсон анхны аймаг боллоо

“Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн:Богино хугацаанд чанартай зам барихыг зорьсон

Манай компани олон том бүтээн байгуулалтад оролцож байсан. Өнөөдөр нутгийнхаа бүтээн байыгуулалтад оролцоод ийм бүтээн байгуулалтыг чанартай, хурдан хугацаанд хийж гүйцэтгэж болдог юм байна гэдгийг харуулж байгаадаа баяртай байна. Ийм тойрог замтай болсноор Сүхбаатар аймагт түгжрэл үүсэхгүй болсон. Дэд бүтцээ захын хорооллуудаараа татаж чадсан. Зам дагаж хөгжил гэдэг. Энэ замын ажлын тендер зарлагдаад манай компани шалгарч энэ зургадугаар сарын сүүлээр ажлаа эхэлсэн. Богино хугацаанд чанартай хөрөнгө оруулалтыг барьж гүйцэтгэх нь бидний зорилго байдаг. Улсын төсөвт ч ачаалал нэмээд он дамжуулаад байхгүйг хичээдэг. Хурдан хугацаанд барьж байгуулж чадвал үнэ өртгийн хувьд ч анхны хөрөнгө оруулалтаасаа нэмэгддэггүй. Энэ замын хөрөнгийн гуравны нэг нь энэ жилийн төсөвт суусан байсан. Үлдсэнийг нь бид өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж дуусгалаа.