<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Дэлхий нийтээр 3.6 тэрбум хүн боловсон жорлонгүй амьдарч байна
featured

Дэлхий нийтээр 3.6 тэрбум хүн боловсон жорлонгүй амьдарч байна

 Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг НҮБ-аас Дэлхийн жорлонгийн өдөр болгон олон улсын хэмжээнд тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн ариун цэврийн байгууламжийн хямралыг даван туулах үйл ажиллагаанд дэмжлэг, урам зориг өгөх зорилготой ажээ. Өнөөдөр дэлхий даяар 3.6 тэрбум хүн "аюулгүй удирдлагатай ариун цэврийн байгууламж"-гүй амьдарч байгаа бөгөөд ойролцоогоор 673 сая хүн ил задгай бие засдаг байна. Хүн төрөлхтөний Тогтвортой хөгжлийн 6-р зорилгын 6.2-т “Бүх нийтийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, тогтвортой менежментийг хангах” тухай заалт туссан байдаг. Тодруулбал, “Ил задгай бие засахыг зогсоож, ариун цэвэр, эрүүл ахуйн хүртээмжтэй болгох” зорилтыг дэвшүүлсэн юм. 2020 оны Тогтвортой хөгжлийн зорилтын тайланг нийтлэх үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Өнөөдөр Тогтвортой хөгжлийн 6-р зорилтын хэрэгжилт муу байна” гэж онцолж байв. Харин тэрбээр өнөөдөр Дэлхийн жорлонгийн өдрийг тохиолдуулан өөрийн твиттэр хуудсандаа "Өдөр бүр 5 хүртэлх насны 700 хүүхэд ус, ариун цэврийн шаардлага хангаагүйгээс үүдэлтэй өвчнөөр нас барж байна. Жорлон хүний амийг авардаг. Дэлхийн жорлонгийн өдрөөр би бүх нийтийн ариун цэврийн байгууламжид асар их хөрөнгө оруулалт, шинэчлэл хийхийг уриалж байна" хэмээн жиргэжээ.

НҮБ-аас оновчтой шийдэл гаргаж, дэлхийн ариун цэврийн байгууламжийн хямралыг даван туулах, 2030 он гэхэд бүх нийтийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаарх Тогтвортой хөгжлийн 6-р зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахад анхаарч буй аж. Тухайлбал, ариун цэврийн байгууламжаас эхлээд ​​хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, боловсруулах хүртэлх "ариун цэврийн сүлжээ"-г дөрөв дахин нэмэгдүүлэхийн тулд асар их хөрөнгө оруулалт, шинэчлэл нэн даруй хэрэгтэй байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэжээ. Тиймээс хүний эрхэд суурилсан хандлагын нэг хэсэг болгон бие засах газаргүй хоцрогдсон хүмүүсийг улс орнуудын Засгийн газар сонсож, төлөвлөлт, шийдвэр гаргах үйл явцад тусгах тодорхой санхүүжилтийг хуваарилах ёстой гэж үздэг байна.

НҮБ болон ДЭМБ “Хүн амын эрүүл мэнд бие засах газраас хамаардаг. Жорлон нь хүйсийн тэгш байдал, боловсрол, эдийн засаг, байгаль орчныг сайжруулахад түлхэц болдог” хэмээн онцолдог.

Ариун цэврийн шаардлага хангасан системд хөрөнгө оруулахын давуу тал нь асар их гэдгийг судлаачид хэлдэг. Жишээлбэл, үндсэн ариун цэврийн байгууламжид оруулсан нэг доллар бүр нь эмнэлгийн зардал хэмнэж, бүтээмжийг дээшдүүлж, таван доллар хүртэл өгөөж өгч, үйлчилгээний бүх сүлжээгээр ажлын байр бий болдог байна.