<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу
featured

Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцох нь буруу

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах хүртэл шатахууны үнийг барих хүсэлт гаргаж, жил гаруйн хугацаанд тогтоосон. Цаашид төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй” гэлээ. Аравдугаар сар гарсаар шатахууны нөөц сэргэж байгаа бөгөөд Хөх хотоос 50 вагон, ОХУ-аас 17 вагон буюу 1034 тонн шатахуун тус тус татан авсан юм байна.

Энэ талаар Г.Ёндон сайд “ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэн яваа 12 вагон, 724 тонн шатахуун ирж байна. Түүнчлэн өнөөдөр Хөх хотоос ачигдсан 50 вагон өглөө ирлээ. АПЕК-ийн орнуудын хуралдаан аравдугаар сарын 4-нд болсон. Энэ хуралдаанаар шатахууны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Харамсалтай нь, олборлолтыг нэмэгдүүлсэнгүй. Сар бүр АПЕК-ийн орнуудад олборлолтын хэмжээ хэрхэн нэмэгдэхээс шатахууны үнийн асуудал шууд хамаардаг. Тэгэхээр манайд үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болгож байна. Ойрын хугацаанд Үнийн зөвлөл аж ахуйн нэгжүүдтэй хуралдана. Есдүгээр сард үүссэн шатахууны хомсдол, үнийн асуудал хоёр харилцан уялдаатай. Тийм учраас төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй.

Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд төр оролцож, импортлогч аж ахуйн нэгжүүд маань зургадугаар сар хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу" гэлээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 1350 төгрөг болж хямдарсан. Харин өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний үнэ 2050 төгрөг байгаа юм.