<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ “Хамтдаа харах төв” төслийн хүрээнд монгол хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах, ном уншлага, солонгос хэлний сургалтад хамруулжээ
featured

“Хамтдаа харах төв” төслийн хүрээнд монгол хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах, ном уншлага, солонгос хэлний сургалтад хамруулжээ

  Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар сургууль, цэцэрлэгүүд цахим хэлбэрт шилжсэн билээ. Дөнгөж “А” үсгээ үзэж эхэлж байсан хүүхдүүдийн хувьд өнөө жил гуравдугаар ангид орсон ч нэг, хоёрдугаар ангийн мэдлэгээ бүрэн эзэмшиж чадаагүй. Тэр дундаа 35 үсгээ ч бүрэн таниагүй, уншиж, бичиж чаддаггүй хүүхдүүд олон байгааг боловсролын салбарынхан халаглан ярьцгааж байгаа. Ялангуяа нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүд хичээлийн хоцрогдол ихтэй байгааг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл сайн хүн санаагаараа гэгчээр хаа холын  Солонгос орноос хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд санаа тавьж, нэгэн өгөөжтэй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал, БНСУ-ын Кёнги аймгаас манай улсад хэрэгжүүлдэг сайн үйлсийн олон ажлуудын нэг нь энэхүү хичээлийн хоцрогдлыг арилгах “Хамтдаа харах төв” нэртэй төсөл байв. Уг төслийг Монголын талаас “Сайн хүн-Сайн нийгэм” ТББ удирдан явуулсан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ жилийн есдүгээр сарыг дуустал хэрэгжих энэ төслийн талаар сурвалжилга бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн хүн-Сайн нийгэм” ТББ-ын байранд зорин очив. Хотын захад гэр хорооллын дунд  байрлах ч цэлгэр, цэмцгэр талбайтай гурван давхар саруулхан байшин байлаа. Үүдээр нь ороход халуун дулаан уур амьсгал угтав. Нэг давхарт нь сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмжөөр хангагдсан багш нарын өрөө байх аж. Самбар дээр хичээлийн хуваарь, хийх ажлуудаа цэгцтэй гэгч нь төлөвлөжээ. Мөн энэ давхарт оффисын өрөөнүүд байрладгаас гадна нэг талдаа  буфет хийхээр тохижуулж байв. Зай талбайн хувьд томоо гэгч энэ хоолны заал ашиглалтад орчихвол тэнд ирэх хүүхэд багачууд, эцэг, эхчүүд шинэхэн бас амттай, эрүүл аюулгүй хоолоор үйлчлүүлэх бүрэн боломжтой байх нь ээ. Харин барилгын хоёрдугаар давхарт гарч ирэхэд бөмбөр, даралтад хөгжмийн аялгуу цуурайтах нь сэтгэл хөдөлгөм. Дуу хөгжимд сонирхолтой, хотын төв рүү тэр бүр сургалтад явж чаддаггүй хүүхдүүд энд бэлтгэл сургууль хийх боломжоор ийнхүү хангажээ. Харин гуравдугаар давхарт ном уншлагын том танхимыг тохижуулсан байх. Эсрэг талд нь өдөр өнжүүлэх өрөөтэй. Хүүхдүүдийг аль болох тухтай байлгах үүднээс шалны халаалт тавьж, дээрээс нь үслэг дэвсгэрээр бүржээ.

Төслийн хүрээнд 1000 гаруй номын фондтой болжээ

Нийслэлийн алслагдмал бүсийн нэг болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооноос хотын төв хүрэхийн тулд 10 гаруй км зам туулах болно. Ирж, очих гэсээр байтал автобус унаандаа 2-3 цагийг зарцуулдаг аж. Ийм зайдуу дүүрэгт амьдарч байгаа айлын хүүхдүүд хотын төвийн номын санд очихын тулд багагүй хугацааг зарцуулдаг байжээ. Дээрээс нь бага насны хүүхдүүдээ дагаж, эцэг, эхчүүд нь хамт явна. Ингээд бодохоор тэр айлын арын олон ажил алдагдаж таарна. Тэгвэл энэ алтан цагаа хэрэгтэй зүйлдээ зарцуулах бүрэн боломжийг “Хамтдаа харах төв” төслийн хүрээнд шийдэж чаджээ. Эдний номын сан 1000 гаруй номын фондтой. Энд түүх, уран зохион, шинжлэх ухаан танин мэдэхүй, хувь хүний хөгжил, намтар зохиол, гадаад хэл дээрх номнууд гээд категорижуулжээ. Мөн хүүхдүүдийн насны ангиллаар нь ч зурагт номуудыг өрсөн харагдав. Төсөл хэрэгжээд жил хүрэхгүйн хугацаанд ийм олон номтой болж чадсан нь үнэхээр бахархам амжилт юм. Мөн уншлагын танхимд 15 сурагчийн ширээ сандалтай юм билээ. Ширээ сандлын тоогоор хүүхдүүд дүүргээд байх уу гэвэл үгүй гэнэ. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулж, улсын хэмжээнд мөрдөгдөж буй “Улбар шар” түвшний дэглэмээ чанд баримталж байгаа нь илт. Хоёр метр тутамд нэг хүүхэд гэж тооцоолж, нэр ширээнд нэг л хүүхэд суулгаж, хичээл сургалтаа явуулдаг байна.  Мөн танхимд агааржуулалтын том систем байрлуулжээ. Дулааны улиралд цонхоо байнга онгойлгон агаар сэлгэж байсан бол хүйтний улирал ойртож байгаа энэ өдрүүдэд агааржуулалтын системийг ажиллуулах юм байна.

М.Одонгаваа:Төсөл маань үнэхээр үр дүнтэй явагдсан болохоор эцэг, эхчүүдийн талархлыг хүртээд байна

Нийгэмд гэрэл асаасан сайн үйлсийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн “Сайн хүн-Сайн нийгэм” ТББ-ын тэргүүн, “Хамтдаа харах төв” төслийн Монгол дахь хариуцагч М.Одонгаваатай уулзлаа.

-Өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг амжуулсан талаараа манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Солонгосын Кёнги аймгаас зохион байгуулдаг төслүүдийн маань нэг болох зорилтод бүлгийн хүүхдүүдийг эцэг, эх, багш,  асран хамгаалагчид нь хамтдаа харах зорилготой төсөл маань амжилттай хэрэгжлээ. Төсөл маань энэ есдүгээр сард дуусна. Энэ хүрээнд монгол хэлний хичээлийн хоцрогдол арилгах, солонгос хэлний сургалт, ном уншлага гэсэн гурван төрлийн хичээлийг явуулсан байгаа. Ерөнхийдөө манайх өдөр өнжүүлэх маягаар хүүхдүүдээ төсөлд хамруулсан. Энд өнжихдөө хүүхдүүд маань монгол хэлний хоцрогдол арилгах хичээлд суралцахын зэрэгцээ гэрийн даалгавраа багштайгаа хамтраад хийчихдэг. Ном уншлагын хичээлийн хувьд хүүхдүүдийг номонд дуртай болгох, хойшид ном унших зуршилтай болгох гэж зорьсон. Энэ хичээл зүтгэл маань ч биеллээ олж, номын сантай боллоо. Төсөлд хамрагдсан хүүхдүүд маань ном унших тун дуртай болсон шүү.

-Төсөлд хэчнээн хүүхэд хамрагдав. Зөвхөн хорооны хүүхдүүдээ сонгосон уу?

-Сургуулийн өмнөх наснаас 12 дугаар анги хүртэлх давхардсан тоогоор нийт 150 хүүхэд хамрагдсан. Сонгинохайрхан дүүргийн 22 болон нэгдүгээр хороог хоёр талаас нь хуваагаад 34 дүгээр хороо байгуулсан юм билээ. 34 дүгээр хорооноос гадна 22 болон нэгдүгээр хорооны хүүхдүүд төсөлд хамрагдсан. Үндсэндээ гурван хорооны хүүхдүүд хамрагдсан гэж ойлгож болно. Манай байгууллага хотын захад болохоор өөр газраас хүүхдүүд ирнэ гэвэл холдоно.  Тиймээс ойр орчмынхоо хүүхдүүдийг авсан Хүүхдүүд маань хичээлдээ идэвхтэй зорьж ирж байгаа нь ажиглагдсан.

-Танай төсөлд хамрагдсан хүүхдүүдийн хувьд хичээлийн хоцрогдлын гол шалтгаан нь юу байна?

-Нэг, хоёрдугаар анги хэрнээ үсгээ ч мэдэхгүй хүүхдүүд их орж ирсэн. Монгол хэл бол амьдралынх нь үндсэн хэрэглээ шүү дээ. Хоёр, гуравдугаар ангид орчихоод уншиж чадахгүй, ном уншсан ч утгыг нь ойлгохгүй хүүхдүүд байсанд  үнэхээр их эмзэглэсэн.

Ковидын үед хэрэгжсэн онлайн хичээл үр дүн муутай байсан гэж ээж, аавууд хэлж байгаа юм. Яагаад гэвэл, багшид үзэгч хүүхдүүд хичээлээ бүрэн дүүрэн ойлгож, мэдэж байна уу гэдэг нь хамаагүй. Зөвхөн минутдаа багтаад сэдвээ заачихна. Зарим хүүхэд тухайн багшийн хурдыг гүйцэхгүй. Ойлгоогүй хичээлээ багшаасаа асуух боломжгүй. Тиймээс багш, сурагчдын эргэх холбоо, амьд  харилцаа байхгүй болдог. Нэг хичээлээ ойлгоогүй хүүхэд дараагийнхаа шинэ сэдвийг мөн л ойлгохгүй байсаар хичээлийн хоцрогдолтой болчихож байгаа юм. Нөгөө нэг шалтгаан нь гар утас байна. Хүүхэд сошиал орчинд орж элдэв зүйлд сатаардаг. Эсрэгээрээ сурах хүсэл эрмэлзэлтэй хэрнээ гар утасгүй, интернэт төхөөрөмжгүйн улмаас хичээлийн хоцрогдолтой болж байна. Мөн амьдралын нөхцөл боломжоос шалтгаалж, зорилтод бүлгийн хүүхдүүд маань ч сурч боловсорч чадахгүй явж байна шүү дээ. Жишээлбэл, хөдөө орон нутагт сурч байсан хүүхэд амьдралын шаардлагаар өвөө, эмээ дээрээ хотод шилжиж ирсэн. Одоо дөрөвдүгээр ангид  орох хүүхэд юм билээ. Гэтэл 10-ын дотор тоо бодож чадахгүй, үсгээ ч бүрэн мэдэхгүй байдалтай ирсэн. Ингээд ээж, аав нь түүнийг дахиад нэгдүгээр ангиас нь сургах сонирхолтой байж. Харин манай хэсгийн ахлагч Ц.Бадамгэрэл шууд бидэнтэй холбож өгсөн. Тэр хүүхдийг дахиад нэгдүгээр ангиас нь сургаж хугацаа алдуулахгүйн тулд эрэл хайгуул, гарц гаргалгаа хайж яваад манай төсөлд хамруулсан нь тэр хүүхдийн ирээдүйд нь том тус дэм болж буй нь үнэхээр сайшаалтай. Одоо сар арай хүрэхгүй хугацаанд энэ хүүхэд маань  тоогоо тоолж мэддэг, нэгдүгээр ангийн хүүхдийн шалгалтад орох хэмжээнд бэлтгэгдчихсэн. Бас сурах идэвхтэй болчихсон гэдгийг өвөө, эмээ нь хэлж байгаа. Хичээл гэхээр орон доогуураа орчихдог хүүхэд байсан бол одоо хичээлээ хийе гээд суудаг болсон гэсэн. Үзэгнийх нь барилт хүртэл өөрчлөгдсөн гээд ар гэрээс нь баярлаж талархсанаа бидэнд илэрхийлсэн. Энэ мэтчилэн бид ээж, аавуудаас үр хүүхдүүдийнх нь хичээлийн хоцрогдлыг арилгаж, сурах хүсэл тэмүүлэлтэй болгож өгч байгаад баярлаж, талархсан үг сонсоход үнэхээр урамтай байдаг.  

-Төслийн үр дүн сайн байгаа юм байна. Цар тахлын үед ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ танайх хэрхэн баримталж байгаа вэ?

-Бид улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа “Улбар шар” түвшнийг хичээнгүйлэн сайн баримталж байна. Та анзаарсан бол үүднээс орж ирэхэд л гар ариутгагч байршуулж, анги танхим маань сэлүүхэн байгаа. Танхимын сургалт, хичээлүүд маань долоо хоногт нэг өдөр л явагддаг. Гэхдээ олон хүүхэд цуглуулахгүйн тулд гурван ээлжтэй. Уншлагын танхимд хичээлүүд маань явагддаг. Нэг ширээнд нэг хүүхэд суух бөгөөд хоорондоо гурван метрийн зайтай. Дээрээс нь хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор нэг удаагийн аяганд халуун аарц, жүүсээр дайлдаг. Бас амттан ч өгдөг. Ингэхдээ аль болох сахар багатай хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг.  Хүүхдүүд хичээлдээ ирэх маш сонирхолтой байгаа нь тэдний харцнаас шууд харагддаг л даа. Төслийн хүрээнд олон ном худалдаж авсан. Номын сангаар дамжуулаад энд амьдарч буй хүүхдүүдийн амьдрах орчин илүү сайжирч байгаа байх гэж боддог. Яагаад гэвэл, номын санд орохын тулд хотын төв рүү явах гэж цаг алдана. Харин гэрийнх нь хаяанд номын сантай болсноор хүүхдүүд орж ирээд дуртай номоо аваад гэртээ уншчихаад ирэх бүрэн боломжтой.

-Төсөл цаашид үргэлжлэх үү?

-Энэ сард Кёнги аймгаас төслийн зохион байгуулагчид маань ирээд үнэлгээ хийнэ. Үргэлжлүүлж дэмжих үү гэдгийг шийднэ дээ. Ямартай ч богино хугацаанд төсөл маань амжилттай хэрэгжлээ. Хэдийгээр төслийн хугацаа дууссан багш нар маань цаашид хичээлээ заагаад явъя гэсэн саналтай байгаа. Төслийнхөө дараагийн түвшинд бид хүүхдүүдийн хичээл хийх орчныг бүрдүүлэхийн тулд олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Байгууллагынхаа нэгдүгээр давхарт буфет хийнэ гэсэн мөрөөдөлтэй. Яг л хотын төвийн кофе шоп, кафе шиг тухтай орчинд орж ирээд хичээл номоо давдах, хоорондоо ярилцах тийм орчинг бүрдүүлэхээр зорьж байна. Ингэснээр эндэхийн иргэдийн маань амьдрах орчин ч бас сайжирна гэж бодож байгаа.

Т.Гэрэлтсаран: Багш нарын маань ур чадвар хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгаж, номонд дурлуулж чадсан

Төсөл үр дүнтэй явагдахад багш нарын ур чадвар, сурагчдын хичээл зүтгэлээс гадна эцэг, эхийн дэмжлэг асар их нөлөөлсөн гэдгийг зохион байгуулагч Т.Гэрэлтсаран хэлж байв. Тэрбээр “Төслийг маань амжилттай явуулахад эцэг, эхчүүдийн оролцоо маш чухал байлаа. Тиймээс бид эцэг, эхийн зөвлөл байгуулан ажилласан. Долоо хоногт нэг удаа хуралдаж, танхимын сургалтаа үр дүнтэй явуулахад эцэг, эхийн зүгээс ямар дэмжлэг, санал санаачилга гаргаж, хүүхдүүдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцдаг байв. Манай эцэг, эхчүүд маш идэвхтэй. Бүгд хурал эхлэхээс өмнө аль хэдийн ирээд суучихсан байдаг. Тийм байсан болохоор төсөл амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн хүчин зүйлс бол яах аргагүй эцэг, эхчүүдийн оролцоо чухал байсан гэдгийг хэлмээр байна. Мөн багш нарын маань ур чадвар, хүүхэдтэй харилцах арга барил нь богино хугацаанд тэдний хичээлийн хоцрогдлыг арилгаж, номонд дурлуулж чадсан. Манай монгол хэлний хөтөлбөрөөр нийтдээ 24 удаагийн хичээл орсон.  Нэгдүгээр ангиа төгссөн нэг хүү эхэндээ хичээлдээ ер тогтож суудаггүй байлаа л даа. Дэвтрийн тал хуудас хичээл хийвэл их юм. Багш нь боломжит өдрөө дагуулж яваад хичээлийг нь давтуулна. Танхимын хичээлд сууж үзэлгүй хөл хорионд орчихсон тэр хүүг уншиж, бичдэг болгохын тулд манай багш ч нэлээд хичээсэн. Тэгсэн нэг өдөр нөгөө хүү гэрийн даалгавраа хийгээд ирчихсэн байдаг байгаа. Тэгснээ “Ёох өчигдөр жаахан хичээл хийсэн чинь бүр донтох гэж байна” гээд биднийг инээлгэж билээ” гэв.

Ц.Бадамгэрэл: Гар утастай найзалдаг байсан хүүхдүүд маань номонд үнэхээр дуртай болсон

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар ажилладаг тэрбээр нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүдийг төсөлд хамруулахад нэлээд идэвх зүтгэл гарган ажиллажээ. Мөн түүний долдугаар ангийн ихэр хүүхэд нь эдний сургалтад хамрагдсан аж. Тэрбээр “Анх “Хамтдаа харах” төвийн нээлтэд хорооны хэсгийн ахлагчийн хувиар оролцож, хорооныхоо хүүхдүүдийг хамруулах тал дээр хамтарч ажилласан. Хотын захын гэр хороолол дунд номын сантай болсноор энэ орчмын иргэдийн амьдрах орчин сайжраад зогсохгүй уншлагын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд үр дүн нь илт харагдсан. Тиймээс дараа, дараагийн ээлжид бүр олон хүүхэд хамруулахыг хичээж ажилласан байгаа. Номын санд суугаад ирэхээр хүүхэд ном унших дуршилтай болж байсан. Уг нь хүүхэд удаан хугацаагаар суугаад ном уншихдаа дургүйлхээд байдаг шүү дээ. Тэгвэл “Номын хорхойтой хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд яагаад ийм номондоо дуршилтай болж байгааг сонирхоод үзсэн юм. Ном уншлагын багш нь өөрөө 18 настай хэрнээ сүрхий хүүхэд байдаг юм билээ. Хүүхдээрээ шахуу болохоор хүүхдүүдэд хэрхэн ном уншуулах арга барилыг маш сайн мэдэж, мэдэрдэг байх. Ингээд долоо хоногт нэг удаа уншсан номынхоо сэдвээр ярилцаад байхаар хүүхдүүд номонд өөрийн эрхгүй татагдаж, улам дурладаг юм байна. Номондоо гол дүр нь юм шиг орчихдог. Төсөл эхлэхэд уншиж чаддаггүй байсан хүүхдүүд хүртэл байсан. Тэд одоо дуртай номоо чөлөөтэй уншиж сурсан байна. Хорооны хэсгийн ахлагчийн хувьд анги дэвших болон ерөнхий боловсролын сургуулиа төгсөх хүүхдүүд шалгалтандаа илүү сайн оноо авахуулах зорилгоор төсөлд хамруулсан. Нөгөө талаар ээжийн хувиар төслийг сонирхож хоёр ихэр хүүхдээ ч сургасан. Гар утастай найзалдаг байсан хүүхдүүд маань номонд үнэхээр дуртай болсонд баярлаад байгаа. Хажуугаар нь солонгос хэлний сургалтад явдаг. Долдугаар ангийн хүүхэд сарын дотор тэгж сайн уншиж, бичих гээд их мэдлэг авсанд маш их бахархсан. Энэ мэтчилэн төслийн өгөөж нь их. Наанадаж хүүхдүүд цаг сайн барьдаг болсон. “Хамтдаа харах төв”-ийн багш нарын хувьд заах аргачлал сайтай” гэв.

Г.Тэгштөр: “Хамтдаа харах төв”-ийн нийт багш нартаа баярлалаа. “Хамтдаа харах төв”-ийн сургалтад хамрагдсан охины аав тэрбээр төслийн үр дүнгийн талаар ярихдаа “Миний охин энэ жил дөрөвдүгээр ангид орлоо. Хоёр, гуравдугаар ангийнхаа хичээлд цахимаар суралцсан. Цээж бичигтээ их алддаг хүүхэд байсан л даа. Энэ зуны хугацаанд “Хамтдаа харах төв”-ийн сургалтад суугаад маш сайжирсан.  Охиныг маань ангийнх нь багш их магтаж байгаа. Зуны даалгавраа хамгийн сайн хийсэн байна гэж хангалттай үнэлгээ өгөөд гарын үсгээ зурсан байна лээ. Үүнээс нь хүүхэд  маань их урам авч байгаа. Онлайн хичээл их хэцүү санагдсан. Хичээлийн сэдэв нь бидний үздэг байснаас зөндөө өөрчлөгдсөн юм байна. Ээж нь өглөө ажилтай, би охинтойгоо тулж үлддэг байсан. Телевизээр хоёулаа хичээлээ үзээд аминдаа хийгээд байгаа хэрнээ гүйцэхгүй нь олонтаа. Хадгалж авах боломжгүй, шууд явахаар үр дүн муутай юм билээ. Харин танхимын хичээл хамаагүй дээр болохыг “Хамтдаа харах төв”-ийн сургалтаас мэдэрлээ. Иймд охинтой минь адилхан хичээлийн хоцрогдолтой байсан тэр олон хүүхдүүдэд хичээл зааж, мэдлэг олгосон энэ төвийнхөө багш нарт үнэхээр их баярлалаа” гэв.