<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Д.Гантулга:360 гаруй барилгын алийг үргэлжлүүлж, алийг зогсоох нь УИХ-ын асуудал
featured

Д.Гантулга:360 гаруй барилгын алийг үргэлжлүүлж, алийг зогсоох нь УИХ-ын асуудал

 Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдварт /Ковид-19/ цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын улсын тээвэр ложистик, хилийн боомтын халдвар хамгаалалтаас үүссэн нөхцөл байдал, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол, бусад хүчин зүйлээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна.  Өнөөдрийн байдлаар зарим бараан бүтээгдэхүүний үнэ хэдий хэр хэмжээний өсөлттэй байгааг БХБЯ-наас судалгаанаас харвал, арматур, катанг 81 хувь, хуванцар цонх 62 хувь, барилгын дулаалгын материал /хөөсөнцөр/ 92 хувь, мод, модон материал 69 хувь, тоосго 52 хувь, чулуун хавтан 26 хувь,  хэв хашмал 40 хувь, хөнгөн блок 13 хувиар, шил, шилэн багц, мод, модон материал, хуурай хольц, арматур, цонх, хаалганы түүхий эд, хуванцар материалын үнэ дээрх шалтгаануудаас хамаарч 92 хувь хүртэл тус тус өсжээ.  Барилгын материалын үнийн өсөлт болон цаг үеийн асуудлаар Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

 
-Компаниудын өгсөн шаардлагаас хэдийг нь биелүүлэх боломжтой вэ?

-Бид судалсан. Өмнө нь асуудлаа Засгийн газарт ярьсан. Гол санал нь цар тахлын дараах эдийн засгийг дэмжих хуулийн төсөл дээр аж ахуй нэгжүүдийн саналыг тусгая гэсэн. Нэгдүгээрт, тендерийн баталгаа таван хувийг арилжааны банкинд байршуулъя. Дараа нь гүйцэтгэлийн баталгааг тэглэе гэж байгаа. Өмнөх хуулиараа урьдчилгаа аваад ажлаа хийнэ гэсэн баталгаа өгдөг байсан. Харин одоо ажлаа дуусгаад санхүүжилтээ авдаг. Ингэхээр арилжааны банкны хүү тооцогддоггүй, санхүүжилт, хөрөнгийн тодорхой хувийг барилга угсралтынхаа ажилд зарцуулах боломжтой гэдэг саналыг хүргүүлсэн.

-Улсын төсвөөр баригдаж буй 400 гаруй барилга царцана гэсэн үг үү?

-Улсын төсөв батлагдаагүй байна. Засгийн газраас даваад УИХ дээр яригдаж байгаа. 2022 оны төсвийг УИХ дээр л ярьж байна.

-Урьдчилан тооцоолж болоогүй юм уу?

-Урьдчилан тооцоолсон. Долоо, найм, есдүгээр саруудад өсөлтөө тодорхойлоход сараасаа хамаараад жаахан хэлбэлзэлтэй байгаа.

-Нэн шаардлагатай ашиглалтад оруулах хэчнээн барилга байгаа вэ?

-360 гаруй гээд байгаа. Уг нь улсын төсөл, арга хэмжээний хүрээнд мянга гаруй байгаа.  Боловсрол, шинжлэх  ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яамны захиалгатай барилгууд л яригдаж байна. 360 гаруй объект дээр 200 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төсөв дээр тусгагдана. Аль барилга байгууламжаа үргэлжлүүлэх вэ, алийг нь зогсоох вэ гэдэг УИХ-ын асуудал.

-Барилгын материалын үнэ буурах уу?

-Хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. ШӨХТГ дээр Өрсөлдөөний тухай хуулиар зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг оруулж ирж, үйлдвэрлэж буй аж ахуй нэгжүүдийг тогтоох ажил явж байна. Тогтоосноор хуулиараа тухайн аж ахуй нэгжүүдийн үнийн хөөсрөлт, хэлбэлзлийг хянах боломжтой болно. Хоёрдугаарт, яамнаас УОК, НОК-оос дэмжлэг хүсч байгаа. Хил гааль дээрх материалыг аль болох түргэн яаралтай оруулж ирээч гэсэн горимоор явж байгаа. Жижиглэнгийн буюу өрсөлдөөн ихтэй борлуулагдаж буй барилгын материалын үнэ буурах боломжтой.