<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Чөлөөтийн эмэгтэйчүүд Ослогийн ДАШТ-д багаараа хүрэл цом хүртэв
featured

Чөлөөтийн эмэгтэйчүүд Ослогийн ДАШТ-д багаараа хүрэл цом хүртэв

 “Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн сүүлийн өдөр буюу өчигдөр гурван бүсгүй хүрэл медалийн төлөө барилдаж, Э.Даваачимэг, Б.Шоовдор нар медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Даваачимэг хүрэл медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэж, 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа. Б.Шоовдор сүүлийн дөрвөн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) болов. Харин эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдан барилдааныг манай бөх 4:3-аар тэргүүлж явсан ч цаг дуусахаас 1:30 минут дутуу байхад мушгиулж дөрвөн оноо алдан тэндээсээ цэвэр даруулж тун харамсалтай ялагдлаа.

“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өндөрлөж, Монголын баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо. Хамгийн сүүлд манай эмэгтэй бөхчүүд 2013 онд Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д багаараа хоёрдугаар байр эзэлснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсч байна. Эмэгтэй багийн дүнгээр Токиогийн олимпийн наадамд оролцсон тамирчдаас ганц ч Ослод ирээгүй, дан залуучуудаа илгээсэн Япон улс дундаршгүй ундаргатай орон гэдгээ харуулж 196 оноогоор тасархай тэргүүлж, хүчирхэг бүрэлдэхүүнтэй АНУ 147 онооогоор аман хүзүүдэв.

Таг: