<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Э.Гантуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
featured

Э.Гантуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

 Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улс гурав дахь медалиа хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын өрсөлдсөн ОУХМ Э. Гантуяа Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медалийн эзэн болов.

Тэрбээр өчигдөр эхний барилдаанаа дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Кайл Мираклтай хийж, 4:14-өөр ялагдсан ч дагах барилдаандаа энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Оросын бөх Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын тамирчин Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

Медаль авсныхаа дараа Э.Гантуяа ярихдаа “Үнэхээр гоё байна. З.Дүвчин багш, шигшээгийн багш нартаа маш их баярлалаа. Ах эгч, хамаатан садан, Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа маш их баярлалаа" гэсэн юм. Э.Гантуяагаас өмнө энэхүү жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль авч, дэлхийн медальтан боллоо.

Таг: