<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах төслийн үр шимийг 12-18 насны 52,500 охид хүртэх болно
featured

Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах төслийн үр шимийг 12-18 насны 52,500 охид хүртэх болно

 Хүүхдийг Ивээх Сангаас “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд өнөөдөр албан ёсоор нээлээ. Уг төслийг НҮБ-ын Итгэлцлийн Cангийн санхүүжилтээр "Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх юм. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нээж үг хэлэхдээ, “Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хандаж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, мөлжлөг, бэлгийн дарамт, эрх мэдлээ урвуулан ашиглахыг устгаж, хохирогч, хүчирхийллийг даван туулагч, гэрчийг туслан дэмжих талаар дорвитой алхам хийхийг зөвлөсөн байдаг. Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж эхэлж буй тус төсөл Хүүхэд хамгааллын мэргэшсэн үйлчилгээг хөгжүүлэхэд, охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэлээ.

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн менежер, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон мөн энэ үеэр хэлэхдээ,

“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг буруутгах, гутаах зэргээр сэтгэл зүйн нэмэлт гэмтэл учруулах нь түгээмэл байна, Түүнчлэн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах явцад хохирогч охидод сэтгэл зүйн нэмэлт гэмтэл учрахаас, даамжрахаас  сэргийлэх мэргэшсэн нягт нямбай, арга ажиллагаа нэн шаардлагатай байна.

Охидыг сэтгэл санааны хувьд дэмжих, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээхэд салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байгаа учраас бид төслийн хамтрагчдынхаа хамтаар үүрэг хүлээгчдийг тус төслийн хүрээнд хохирогч төвтэй, сэтгэл зүйн гэмтлийн эсрэг мэргэшүүлэн сургаж,  сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж тодотголоо.

Төслийн нээлтийн ажиллагаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, “Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо”, “Хөөрхөн зүрх” ТББ-ын төлөөллүүдээс гадна зорилтот дүүргүүдийн ГБХЗХХ, Боловсрол, Цагдаа, Онцгой байдлын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд  оролцов. Эдгээр оролцогч “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, өөрсдийн байгууллагын төсөлд оролцох оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.   

“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл 2021-2024 онд хэрэгжих бөгөөд зорилтот таван дүүргийн 12-18 насны охидыг КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалах зорилготой юм. Үүний зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үүнд боловсролын байгууллагуудыг татан оролцуулах, хүүхдийн оролцоог дэмжих, жендэрт суурилсан хүчирхийллийн мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилт тавьж байна.

Энэхүү  төслийн үр шимийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12-18 насны 52,500 охид шууд болон шууд бусаар хүртэх юм.