<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ
featured

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

 Цар тахлын халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв. 2021 оны 35 дугаар долоо хоногт нийт 11 212 ойрын хавьтал тогтоогдсоноос 8673 буюу 77,4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авч байна. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна.

Цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 10-ны байдлаар, нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4 150 бүлгийн 86 мянган сурагч танхимаар хичээллэж байна. Харин танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17 240 бүлгийн 519 179 сурагч хичээллэж байгаа юм. 

Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43 351 сурагч цахим хэлбэрт шилжсэн байна. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13 240 суралцагч нь Улаанбаатар хотод байгаа аж. 

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32 836 суралцагч байна. Эдгээрийн 57,1 хувийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

Өчигдрийн байдлаар, коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51 843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5 хувийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээл танхимын болон танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд КОВИД-19-ийн эсрэг вакцинд 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.