<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана
featured

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар ярилцав.

Уулзалтын үеэр Д.Сумъяабазар “Та бүхний тавьж буй Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ажиллагсдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн баталгаа, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хамтран ажиллана. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хот эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, ТҮК, хот байгуулалт зэрэг салбарт тулгамдсан асуудлаа өөрөө шийдэх боломж бүрдэх юм. Мөн МҮЭХ-той хамтран олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд хүний хөгжилд анхаарна. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, боловсролын салбарт чадварлаг багш бэлтгэхийн зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусгасныг дуулгалаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл оролцож, салбар бүрт тулгамдаж буй асуудлаар саналаа илэрхийлжээ.