<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Мөнхцэцэг: Монгол Улс хүний эрх хамгаалагчийг хуулиар хамгаалсан Азийн анхны орон боллоо
featured

Ц.Мөнхцэцэг: Монгол Улс хүний эрх хамгаалагчийг хуулиар хамгаалсан Азийн анхны орон боллоо

 Монгол Улс Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлыг төрийн хуулиар хамгаалсан Азийн анхны орон болсон тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар өнөөдөр мэдээлэв.  Тодруулбал, УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 1-ний хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд хууль энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон ч нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц бодитоор хэрэгждэггүй, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийг айлгаж, дарамтлах, тэр байтугай амийг нь хөнөөх ч асуудал гарч байсныг тэрээр мэдээллийн эхэнд онцлов. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэж буй хүмүүсээ хамгаалах, хууль зүйн өмгөөлөл, хамгааллаар дэмжих олон улсын шинэ механизмыг бүрдүүлсэн дээрх хуулийг баталсан гэдгийг тэмдэглэв. Тус  хуулийг ардчилал дөнгөж төлөвшиж буй дэлхийн 40 гаруй улсад мөрддөг байна. 

Хуулийн хүрээнд ХЭҮК-ын болон Хүний эрхийг хамгаалагчийн асуудал эрхэлсэн комиссын нэг гишүүн томилуулж ажиллуулах болсныг онцоллоо. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хуулийг баталснаар, хүний эрхийг хамгаалах тогтолцоо шинэ ойлголтоор тэлж буйг тодотгоод, Үндсэн хуулиар хүний эрхийг хамгаална гэдэг заяагдмал эрхийг нийгмээрээ хамгаалж байх ёстойг тэмдэглэв. Тэрбээр, "Хүний эрхийг хамгаалдаг нь эрх эдэлдэг хүмүүсээс цөөн. Тиймээс бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дуугарч байгаа цөөн хүнийг урамшуулах тогтолцоотой болгож өгөх нь чухал. Ингэснээр, хүний эрхийн тогтолцоо хүрээгээ тэлж, нийгэм өөрөө өөрийгөө хамгаалах, төр хүний эрхийг зөрчих эрсдэлээс сэргийлэх том алхам болно" хэмээн тодотгов. 

Хуульд, "Хүний эрх хамгалагч гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж хүний эрх хамгаалах ажилд оролцож байгаа хүнийг хэлнэ" гэж тодорхойлжээ. Мөн ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хороог байгуулна. Ингэхдээ ХЭҮК-ын нэг гишүүн нь хүний эрх хамгаалагчийн асуудлыг хариуцах юм байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан нэг гишүүний сонгон шалгаруулалт явуулах аж. 

Гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хороо нь хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүст ямарваа эрсдэл учирвал, түүнийг нь үнэлж хамгаалах юм. Тэрээр, байгаль хамгаалахаар дуу хоолойгоо өргөж явсан Н.Лхагвасүмбэрэл амиа алдсан хэргийг сөхөөд, тухайн үед амиа хорлосон дүгнэлт гарсныг эргэн сануулав. Гэтэл талийгаач өмнө нь цагдаагийн байгууллагад аминд нь заналхийлсэн асуудлаар хандаж байсныг мэдэгдэж байсан ч арга хэмжээ аваагүйг жишээ татав.

Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүйг мөн тодотгоод, тухайлбал, 15 жилийн өмнө Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг шүүхээр шийдэгдээгүй, талийгаачийн аав хэргийн мөрөөр хөөцөлдөж байгааг дурдаад, хуулиар тэдгээр хүмүүст дэмжлэг очно гэдгийг нэмж тайлбарлав. 

Хуулиар, хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ. Уг хууль нь ХЭҮК-ын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай харилцан уялдаатай боловсруулагдсан байна. 

Таг: