<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Монгол цэргүүд Өмнөд Суданд барьцаалагдсан иргэдийг аварчээ
featured

Монгол цэргүүд Өмнөд Суданд барьцаалагдсан иргэдийг аварчээ

 Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварчээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-т ирсэн мэдээг тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага  “Тристарт” компанийн ажилчид болох, Кени улсын 2 иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн хууль бус шалган дээр саатуулан улмаар эд зүйлсийг нь дээрэмдэж, гурав хоног хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилжээ.

Энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хоёр талын уулзалт хийсний дүнд хоёр иргэний амь насыг аварч чадсан байна. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир монгол цэргүүд шуурхайлан уулзалтыг түргэтгэж, яаралтай суллаж авчээ.

Барьцаалагдсан иргэдийн амь насыг авран, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Монгол Улсын эрэлхэг дайчдад баярлалаа” хэмээн онцолжээ.