<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Гавъяат багш Ц.Цолмонбаатар:Ирээдүйнхээ сайн сайхны төлөө хийж буй томоохон боломж, дэмжлэг гэж харж байна
featured

Гавъяат багш Ц.Цолмонбаатар:Ирээдүйнхээ сайн сайхны төлөө хийж буй томоохон боломж, дэмжлэг гэж харж байна

-Оксфордын их сургуулийн семинарын арга зүйг Монгол Улсдаа түгээнэ-

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, Нийслэлийн тэргүүний, Алтангадас одонт лаборатори 23-р сургуулийн захиргаа, хамт олон ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа эрдэм мэдлэгийг баяжуулахын төлөө чамгүй анхаарсаар ирсэн. Тэгвэл өнгөрч буй долоо хоногт нэгэн томоохон санамж бичиг байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, Оксфордын их сургуулийн “СиТиТи” багш сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг Монгол Улсаас анх удаа төрийн өмчийн сургуульд хэрэгжүүлэх анхны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичгийн үр дүнд тус сургуулийн багш нар алсын зайнаас дэлхийн багш нартай хамтран ажиллаж, тэднээс суралцах, хөгжих өргөн боломж нээгдэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй сурсан зүйлээ сургуульдаа болон Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролд түгээх, багийн үйл ажиллагаанд суралцах туршлагаа нэмэгдүүлэх, арга зүйгээ бусадтай  солилцох, багш сурагчид семинар зохион байгуулах зэрэг олон давуу тал, боломж бий болох үүд нээгдэж байна. Цаашлаад, Монгол Улсынхаа боловсролын салбарт ч шинэлэг уур амьсгал оруулах, дэлхийн Монгол иргэнийг бий болгох алхамд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй биз ээ.

Тус сургуулийн захирал МУГБ Ц.Цолмонбаатар санамж бичиг байгуулах ёслолын үеэр “Багш, сурагчдаа хөгжүүлэх даян дэлхийн үйлст нэгдэн боловсролын хөтөлбөрийн Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах виртуал ёслолын үйл ажиллагаанд амжилт хүсье. Бидний хамтын үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжиж, олон мянган багш, сурагчдын сурч мэдэх, харах өнцөг, оюуны мэлмийг нээсэн мөнхийн ажил болон өргөжих болтугай. Уг хөтөлбөрийг Монголын боловсрол, багш, сурагчдын Ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй томоохон боломж, дэмжлэг гэж харж байна” гэж хэлсэн юм.

Оксфордын их сургуулийн  дэргэдэх семинарын арга зүйг олон улсад түгээдэг CTT буюу /CENTRE FOR TUTORIAL TEACHING/  багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр юм байна. Уг хөтөлбөрөөр дамжуулан Оксфордын семинарын арга барилыг олон улсад түгээдэг Оксфордод төвтэй ашгийн бус байгууллага аж. “СТТ” нь ЕБС, их сургууль, байгууллагуудтай хамтран Оксфордоос гаргасан хөтөлбөрийн дагуу алсын зайнаас сургалт явуулдаг.

Санамж бичиг байгуулснаар хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тус сургуулийн багш нар Оксфордын багш нарын бэлтгэн явуулах цахим сургалтанд хамрагдаж, “СТТ”-тэй хамтран  сурагчдадаа зориулж семинар явуулах аргачлалыг хэрэгжүүлэх сүлжээг үүсгэх боломж бүрдэх ажээ.

Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль

Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургууль нь 1957-1958 онд анхны хичээлийн жилээ эхлүүлжээ. Тухайн үед 19 бүлэг бүхий 560 гаруй сурагчид, 20 гаруй багштайгаар өрхөө татаж, үүдээ нээснээс хойш өнөөг хүртэл ирээдүйн боловсрол мэдлэгтэй, чадварлаг бүтээлч иргэнийг бэлтгэсээр байгаа. Өдгөө тус сургууль 3600 сурагчидтай, 170 багш ажилтантай болон өргөжин 64 дэх жилтэйгээ золгож байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, Нийслэлийн тэргүүний, Алтангадас одонт лаборатори 23-р сургууль нь улс орны ирээдүй болсон сурагчиддаа орос, англи, япон, хятад, солонгос, герман гэсэн зургаан хэлийг улс орны алтан жолоог ирээдүйд атгаж, түүчээлэх эзэддээ хөгжлийн түлхүүр болсон эрдэм мэдлэгийг зааж сурган, эзэмшүүлж байгаа. Тиймээс ч Монгол Улсдаа зургаан хэлээр гүнзгийрсэн ганц сургууль гэж нэрлэгдсээр ирсэн түүхтэй.

Төгсөгчдийн 40 гаруй хувь тухайн орны болон гадаадын их дээд сургуульд суралцдаг байна. Сурагчид олон улсын түвшинчлэлийн IELTS, TOEFL, N, TOPIC, HSK, TRKИ  түвшинг хангаж гадаадын өндөр хөгжилтэй орнуудад амжилттай суралцаж төгсөн Монгол Улсынхаа салбар бүрт түүчээлэн ажиллаж байгаа нь тус сургуулийн бахархал билээ.