<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж сэтгүүлчид дүгнэв
featured

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэвлэлийн эрх чөлөө хумигдсан гэж сэтгүүлчид дүгнэв

 Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж буй 300 сэтгүүлчийг хамруулсан судалгааг хийж гүйцэтгээд байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тухайн цаг үед сэтгүүл зүйд, цаашлаад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгарч буй асуудлуудыг санал асуулгаар тодорхойлохыг зорив.. Судалгаанд хамрагдсан таван сэтгүүлч тутмын хоёр нь хөл хорионы үеэр биечлэн ажилласан бол бусад нь цахимаар болон эдгээрийг хослуулсан хэлбэрээр ажиллажээ.

Судалгааны үр дүнгээс танилцуулбал,

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш хэвлэлийн эрх чөлөө хумигдсан хэмээн сэтгүүлчид дүгнэжээ. Энэ нь дараах зүйлсээр илрэн гарч байна хэмээн үзсэн байна. Үүнд,

Эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангаж чадаагүйн улмаас сэтгүүл зүй цар тахлын үед үүргээ биелүүлж чадаагүй

Хөл хориотой холбоотойгоор мэдээллийн эх сурвалжийн дутагдалд орсон. Бэлдэн гаргаж буй нийт мэдээллийн дийлэнхийг (71 хувь) УОК, НОК, ЭМЯ зэрэг албаны эх сурвалж эзэлсэн бөгөөд албаныхаас бусад эх сурвалжийг мэдээлэлдээ багтаах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Түүнчлэн дээрхээс бусад төрийн албаныхан ажиллахгүй, бүх мэдээлэл хаалттай байсан зэрэг нь тэнцвэртэй мэдээлэл бэлтгэхэд саад учруулж байжээ.

Мэдээлэл олж авах, нягтлан шалгах, түгээхэд хүндрэлтэй болж байна

Хоёр сэтгүүлч тутмын нэг нь мэдээлэл олж авах, нягтлан шалгахад ихээхэн хүндрэлтэй байсныг өгүүлж байна. Үүний шалтгаан нь хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой биечлэн явах боломжгүй, мэдээлэл өгч болох эх сурвалжуудтай холбоо барих хаяг, утас тодорхойгүй, сэтгүүлч, эх сурвалжийн аль аль нь интернет, шинэ технологийг ашиглан холбогдох байдал хангалтгүй байсан зэрэг хүчин зүйлс байжээ. Дээрхээс улбаалаад бэлдэж буй мэдээлэл нь түгээх хэмжээний хангалттай бус байсан, мөн албаны өгсөн мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байсан зэрэг нь мэдээллийг түгээхэд хүндрэл үүсгэсэн байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын зүгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ тэгш, хүртээмжтэй өгөхгүй, ялгавартай хандсан, сэтгэгдлийг хааж, уншигчидтай тогтоох эргэх холбоог хязгаарласан зэрэг нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх хүний үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж сэтгүүлчид үзэж байна.

Дээр дурдсан хүндрэл бэрхшээлүүд нь сэтгүүлчдийг төдийгүй редакцуудыг мэдээлэл түгээхдээ болгоомжтой хандах, түдгэлзэх байдалд оруулсан, улмаар бүх төрлийн цензур тогтож буйг харуулж байна. Тиймээс цаашид холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүд дээр ажиллаж, тохиромжтой гарц, гаргалгааг санал болгох, албаныхантай харилцан ойлголцож ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байлаа.

Түүнчлэн сэтгүүлчид нээлттэй эх сурвалж, шинэ технологийг ашиглан мэдээлэл олж авах, түгээх ур чадвараа ахиулах, өөрийн аюулгүй байдлаа хамгаалах, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллах, үүнийг нь дэмжсэн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагууд төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.