<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Ц.Ганзориг: 2 сая буюу нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна
featured

Ц.Ганзориг: 2 сая буюу нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна

 Монгол Улсад өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 58 тохиолдол бүртгэгдсэн талаар ХӨСҮТ, УОК-оос өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Мэдээллийн дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор ДЭМБ-ын хэрэглэхийг зөвшөөрсөн вакцинуудыг 16 болон 18-аас дээш насны иргэдэд хийнэ. 15-аас доош насныхны халдвар хамгааллын асуудлаар ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

Ц.Ганзориг: Хүн амын 60 хувь гэхээр магадгүй насанд хүрсэн хүн амдаа бүрэн хийхгүй юм биш үү гэдэг ойлголт байх шиг байна. Олон улсын жишгийн дагуу 16, 18-аас дээш насныхан гэдгээрээ тооцвол манай улсын нийт хүн амын насанд хүрсэн иргэн 2 сая орчим байгаа юм. 18 хүртэлх насны хүүхэд 1.2 сая орчим байна. Тэгэхээр хүүхдэд тарих вакцин одоогоор Англи улсад судалгааны түвшинд явж байгаа. Тэгэхээр насанд хүрсэн хүн амаа 100 хувь вакцинжуулна. Ингэж тооцохоор 2 сая буюу нийт хүн амын 60 хувийг хамруулах юм.

А.Амбасэлмаа: Ер нь бол, зөвхөн манай улсын авч байгаа биш дэлхий дахинаа хэрэглэж байгаа бүх вакцин 16, 18-аас дээш насны хүнд тарихаар үйлдвэрлэгдсэн. Вакцин хийхдээ тухайн үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэнэ. Бид 18 хүртэлх насны хүүхдээ хамгаалахгүй юм биш. Батлагдсан тохиолдлын дийлэнх нь 20-49 насныхан болон ахмад настнууд байгаа. Өөрөөр хэлбэл, тараагч бүлэг гэж үздэг. Энэ эрсдэлт бүлгээ вакцинжуулаад, халдварт өртөхөөс нь сэргийлснээр хүүхдүүдэд халдвар дамжих нэг замыг нь тасалж байгаа юм. Тэгээд хөдөлгөөн хязгаарлах, амны хаалт зүүлгэх, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм хэрэгжүүлээд явна.

-Вакцин үйлдвэрлэж байгаа улс орнууд өөрийн орны иргэдээ бүрэн вакцинжуулах үйлдвэрлэлийн чадамж ч хүндрэлтэй байгаа. Тэгэхээр манай улс хүн амынхаа 60 хувийг хэзээ вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна вэ. Долоодугаар сард багтаан вакцинжуулж дуусах төлөвлөгөө хэвээр байгаа юу?

Ц.Ганзориг: Долоодугаар сар гэхэд вакцинд хамруулах төлөвлөгөө хэвээр байгаа. Ерөнхий сайд, Шадар сайд олон нийтэд мэдээлснээр дархлаажуулалтын ажил хөл хорио дууссан өдөр буюу энэ сарын 23-наас эхэлнэ. Ингэж тооцвол долоодугаар сар хүртэл дархлаажуулалтын ажил хийнэ. Бусад улс орнууд хүн амдаа хүрэлцээгүй үйлдвэрлэлтэй байхад манай улсад вакцин хүрэлцэх юм уу гэдэг асуудал бий. Энэ эрсдэлийг бид тооцож үзээд оны өмнөөс Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг 4-5 улстай яриа хэлэлцээ хийж байсан. Энэ ажлын залгамж чанар үргэлжлээд бид вакциныг нэг улсаас биш 4-5 улсаар авахаар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр "Астразенека" вакцин ирнэ. Орой нь дараагийн улсын вакцин ирнэ. Гэх мэтчилэн олон уулзалт хийсний дүнд олон талаас нийт хүн амдаа хүрэлцэхүйц вакцин авахаар төлөвлөж байна. Яг одоо Ерөнхий сайд вакцин үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар Элчин сайд нартай уулзаж байна. Элчин сайд нар тухайн улсын үйлдвэрлэл болон нөөцөөсөө өгөх ажлыг шат дараатай хийхээ хэлж байгаа.

-Вакцин хийлгэж болохгүй эрүүл мэндийн шалтгаанууд юу байдаг вэ. Эрүүл мэндийн зарим шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй хүмүүсийн тоо, судалгааг нарийвчлан гаргасан уу?

А.Амбасэлмаа: Вакцины найрлагад орсон үйлдвэрлэгчийн зааврыг харна. Ямар хүнд хийж болох вэ гэдгийг. Харшил, хордлоготой байдаг юм уу, зүрх судасны өвчин гээд вакцин хийхдээ тухайн хүний эрүүл мэндийг эмч заавал үзэж байж хамруулна. Хүн өөрийгөө мэдэхгүй байж болно. Тэгэхээр вакцин хийлгэх бүртээ эмчид үзүүлнэ гэсэн үг. Гол нь бид үйлдвэрлэгчийнхээ зааврыг л мөрдөх ёстой. 

-Монгол Улс хоёр тун вакцин хийлгэсэн иргэддээ гадаадад зорчих эрхтэй карт олгоно гэсэн. Энэ картыг олон улсад хүлээн зөвшөөрөх үү?

Ц.Ганзориг: Олон улсын зохицуулалт ч ийм байгаа. Авиа компаниудаас эхлээд улс орнууд хилээр нэвтрүүлэхдээ вакцин тариулсан сертификат болон гэрчилгээг нь харж хил нэвтрүүлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхээ мэдэгдэж байгаа. Тэгэхээр сертификат олгохоор төлөвлөсөн.

А.Амбасэлмаа: Вакцины сертификатыг авахдаа бүрэн тун хийлгэсэн байх ёстой. Эхний тунгаа хийлгээд 21-28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгээд, 14 хоносон хүнд сертификат олгох юм. Гадаадын иргэдэд мөн ийм шаардлага тавиад, тусгаарлалтад ч тодорхой зохицуулалт хийнэ.