<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Л.Оюун-Эрдэнэ: "Богдхан" төмөр зам бол стратегийн зам
featured

Л.Оюун-Эрдэнэ: "Богдхан" төмөр зам бол стратегийн зам

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УБТЗ" Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ажилтан өнөөдөр танилцах үеэрээ "Богдхан" төмөр замын трасстай газар дээр нь танилцаж тус төмөр замыг хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн ач холбогдолтой цогц шийдэл болсон стратегийн зам хэмээн онцоллоо. 

"Богдхан" төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд  ашиглахаар тооцоолжээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов. 

Төмөр зам тавихын тулд "УБТЗ" ХНН-ийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, ачааны терминал, барилгын материалын болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд тулгарах хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав.

 

"Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ" гэж Ерөнхий сайд тэмдэглэв. "Богдхан" төмөр замын ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"УБТЗ" ХНН-ийн удирдах ажилтнууд  төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов.