<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР МАН-ын удирдах зөвлөл дараах хүмүүсийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллуулахаар нэр дэвшүүллээ
featured

МАН-ын удирдах зөвлөл дараах хүмүүсийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллуулахаар нэр дэвшүүллээ

 Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжлээ.

С.Амарсайхан, Ц.Нямдорж, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Энхболд, Н.Уртнасан, Ч.Номин нарын найман хүнийг танхимын гаднаас шинээр оруулж ирсэн бол үлдсэн сайд нар нь улирч ажиллахаар боллоо. Л.Оюун-Эрдэнийн танхимд дараах сайд нар ажиллана. 

Шадар сайдад С.Амарсайхан,

МУ-ын сайд, ЗГХЭГ-ын даргад Ц.Нямдорж,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Уртнасан,

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар,

Сангийн сайдад Б.Жавхлан,

Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэг,

Соёлын сайдад Ч.Номин,

Эрүүл мэндийн сайдад С.Энхболд,

Боловсрол, шинжлэх ухааны сайдад Л.Энх-амгалан,

Хөдөлмөр, нийгмсийн хамгааллын сайдад А.Ариунзаяа,

Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх,

Барилга, хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар,

Батлан хамгаалах сайдад Г.Сайханбаяр,

Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Г.Ёндон,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад З.Мэндсайхан нарыг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газрын гишүүнээр томилохоор санал нэгдэв. 

Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажилах хүмүүст тавьсан гол шалгуур мөн онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа 4 эмэгтэй, үүний гурвыг нь шинээр Засгийн газарт оруулж ирлээ. Өөр нэг онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хамгийн туршлагатай улстөрч гэгддэг Ц.Нямдоржийг Засгийн газрын “гал тогоо” гэгддэг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулах гэж байгаа нь цагаа олсон сонголт гэж дүгнэгдэж байна. Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай. Үүнээс гадна шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ нэгэнт зарласан болохоор өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираах нь зөв гэдэг дээр МАН-ын УЗ-ийн гишүүд санал нэгджээ. Тиймээс салбарын сайд нарыг бүгдийг нь шинэ хүмүүсээр бүрдүүлэх гэхээсээ илүү дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа ийм эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь чухал гэж үзжээ.   

Одоо Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй, харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаж сайд нараа батална. УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.