<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Байгал нуур орчимд болсон хүчтэй газар хөдлөлт нь Хөвсгөл аймаг дахь газар хөдлөлтийг өдөөсөн гэжээ
featured

Байгал нуур орчимд болсон хүчтэй газар хөдлөлт нь Хөвсгөл аймаг дахь газар хөдлөлтийг өдөөсөн гэжээ

 Өчигдөр өглөө Хөвсгөл нуурын орчимд бүртгэгдсэн цуврал газар хөдлөлт нь 2020 оны есдүгээр сард Байгал нуурын орчимд болсон хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэнгийн захирал Дмитрий Гладкочуб мэдээлжээ.

"Өнгөрсөн жил Байгал нуурын хагарлын бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн бөгөөд эдгээр газар хөдлөлтүүд хоорондоо холбоотой" гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн оны есдүгээр сард Саяны нурууны гол хагарлын бүсэд болсон газар хөдлөлт Евразийн хавтанг Амарын хавтантай шилжилт хөдөлгөөнд оруулжээ.

"12 дугаар сард, мөн өнөөдөр болсон газар хөдлөлтийг есдүгээр сарын газар хөдлөлт өдөөсөн. Өөрөөр хэлбэл, есдүгээр сард бүртгэгдсэн дээрх хоёр литосферийн (чулуун мандлын) хавтангийн хөдөлгөөн нь суналт үүсгэсэн бөгөөд энэ нь 12, 1-р саруудад Байгал нуурын хагарал дотор бүртгэгдсэн. Эдгээр нь харилцан холбоотой үйл явдлын гинжин хэлхээ юм" гэж Дмитрий Гладкочуб ярилаа.

Хүчтэй газар хөдлөлт дахиж болох уу гэсэн асуултад тэрбээр Байгал нуурын хагарлын бүс нь газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс учраас нуурын ойролцоо амьдардаг хүмүүс газар хөдлөлтөд үргэлж бэлэн байх ёстой гэж анхааруулсан байна. Байгал нуурын хагарлын бүсэд Хөвсгөл нуур ордог аж. Гладкочубын хэлснээр, мягмар гарагт болсон газар хөдлөлт нь Байгал нуурын хагарлын бүсийн хувьд ердийн чичирхийлэл байсан бөгөөд ямар нэг онцлог шинж чанаргүй байжээ.

Хөвсгөл бол Монголын хамгийн гүн нуур юм. Хөвсгөл, Байгал нууруудын тогтсон байдал, хэлбэр дүрс хоорондоо ижил төстэй учраас судлаачид энэ хоёр нуурийг ах дүү нуур гэж нэрлэдэг.  Хоёр нуурын хамгийн ойрын цэгүүдийн хоорондох зай нь 230 км юм.

Мягмар гарагт Улаанбаатарын цагаар 05:32:59 цагт, Москвагийн цагаар 00:32:59 цагт Орос, Монголын хил орчимд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн голомт нь Эрхүү мужийн Ангар хотоос 277 км зайтай газар Хөвсгөл нуурын орчимд 10 км-ийн гүнд байсан бөгөөд голомт дахь чичирхийллийн хүч нь 8.7 балл байсан байна. Эрхүү мужид 4-5 баллын, Красноярскийн хязгаарт 3 хүртэл, Буриад болон Тува улсад 6 хүртэл баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгджээ. ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн нэгдсэн газрын Байгал нуурын салбарын цахим хуудсанд мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа арав гаруй чичирхийлэл бүртгэгдсэн байна. Чичирхийлэл мэдрэгдсэн Оросын бүс нутгуудад хүний ​​амь эрсдээгүй, байшин барилга сүйдээгүй гэж тус улсын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд болсон газар хөдлөлтийн голомт нь Култук суурингаас 15 км зайтай газар Байгал нуурын орчимд байсан байна. Газар хөдлөлтийн хүч нь 5.3 магнитуд байсан бол голомт дахь хүч 8.1 балл байжээ.