<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Х.Баттулга: Оффшорын мөнгийг оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд идэвхтэй өрнөж байна
featured

Х.Баттулга: Оффшорын мөнгийг оруулж ирэх ажил сүүлийн хоёр жилд идэвхтэй өрнөж байна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт өчигдөр оролцож ярилцахдаа, оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 8-нд өргөн барьсан. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор оффшор бүсээс татаж оруулсан мөнгө Төрийн санд байхгүй гэж өөрийн твитер хуудсаар мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн ярилаа. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч ярилцлагын үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг толилуулж байна.

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудал юм. Урьдах Ерөнхийлөгчид морин хуур залах, Монголын нууц товчоог залах ажлыг хийж байсан. Монгол бичгийн хичээл зааж байгаа нь түүний нэг хэлбэр. 

2.Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Тус ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан тул үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх  төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад энэ өр асар их дарамт болох байсан. ҮАБЗ-ийн гишүүд үүнд зөв шийдвэр гаргасны баталгаа бол энэ. 

3.Шинэ жилээр болон түүний өмнө ч бусад орны туршлагыг ярьж байсан. Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоно. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бөгөөд аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх боломжит хувилбар юм. МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа хийсэн.

4.Оффшор буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа.

5.Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна. 

6.Бид сүүлийн 30 жил хүүхдийнхээ төлөө буюу Монголын ирээдүйн төлөө юу ч хийгээгүй. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажил хийсэн байдаг. Тиймээс эргэн судалгаа хийж Хүүхдийн төлөө фондыг сэргээх санаачилгыг дэмжсэн. Түүхэнд байгаагүй хэмжээний их мөнгө цугласан, би бахархалтай хүлээж авсан. ҮАБЗ энэ санг удирдаж аваасай гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх сэдэв.

7. Монгол Улсад тулгамдаж буй асуудлаар ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан. 2009-2017 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдаж байжээ. 

8.Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.

9.ЗТБХБ-ын сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ. 

10.Говийн болон баруун, зүүн бүсийг холбосон төмөр зам нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого.