<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орсноос эмх камбараагүй байдал үүсгэжээ
featured

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орсноос эмх камбараагүй байдал үүсгэжээ

 АНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулжээ. Нийт 13 хүнийг баривчилсан хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.

Лхагва гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар Конгрессын доод, дээд танхимын цуглараад байсан Капитолын байр руу АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ. Үүнээс хойш хэдэн цагийн дараа эсэргүүцэгчдийг Капитолоос гаргасан хэдий ч мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй нас барсан байна.

Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, сонгогчдын саналын хуудсуудыг устгахаас сэргийлж чаджээ. 

Эмх замбараагүй байдал үүсгэсэн дэмжигчдээ Д.Трамп гэртээ харихыг уриалсан хэдий ч ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан хэмээн дахин мэдэгдсэн байна. 

Вашингтонд эсэргүүцэл болсонтой холбоотойгоор “Facebook” компани Д.Трампын нийтэлсэн бичлэгийг устгажээ. “Энэ бол онцгой нөхцөл байдал учир бид ч шаардлагатай онцгой арга хэмжээнүүдийг авч байна. Бид бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, Д.Трампын бичлэг хүчирхийллийг бууруулахаас илүүтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа учир үүнийг устгасан” хэмээн  “Facebook”-н дэд ерөнхийлөгч Гай Розен мэдэгдсэн байна.

Өмнө нь “Twitter”-н захиргаа мөн ижил шалтгаанаар эсэргүүцлийн талаарх Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, хариу тайлбар бичихийг хоригложээ. Үүний дараа бичлэгийг устгасан байна. Мөн Д.Трампын өөр нэг жиргээг устгажээ. Уг жиргээнд Д.Трамп сонгуулийн дүнг батлахад саад болох алхам хийх зүрх зориг нь дутжээ хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пенсийг буруутгасан байна. 

Сонгуулийн дүнгийн талаар худал мэдэгдэл хийж байна гэж үзсэнтэй холбоотойгоор “YouTube”-ээс мөн бичлэгийг устгажээ.

 Пентагон АНУ-ын Үндэсний гвардын 1800 орчим цэргийг Вашингтонд байрлуулахаар төлөвлөж байна гэж “Fox News” телевиз мэдээлэв.

Батлан ​​хамгаалах байгууллага дахь тус телевизийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, цэрэг оруулахад хэдэн цаг шаардагдана. Үүнээс гадна, Америкийн нийслэл хотын хөрш муж улс болох Виржинигийн захирагч Ральф Нортам үймээн самуунтай холбогдуулан Үндэсний гвардын цэргүүд болон муж улсын 200 цагдааг Вашингтон руу илгээнэ гэж мэдэгджээ. Ийм мэдэгдлийг мөн Мэриленд муж улсын захирагч Ларри Хоган хийсэн байна.

Өмнө нь АНУ-ын нийслэл хотын дарга Муриэл Боузер хотын төвд болж буй эсэргүүцлийн ажиллагаа, үймээн самуунтай холбогдуулан хөл хорих цаг тогтоож байгаагаа зарласан байна. Зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хүмүүс, мөн онцгой байдал, яаралтай тусламж, үйлчилгээний байгууллагуудын ажилтнууд, итгэмжлэгдсэн сэтгүүлчид л гадагш гарч болно гэж тэрбээр мэдэгджээ. Энэхүү хориг нь автомашинаар зорчиж буй хүмүүст ч хамаатай аж.

Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орсон байна. “NBC” телевизээр нэг хаалгыг нь хэрхэн эвдэж, Конгрессын байр руу орж байгааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ. Хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлсэн байна. АНУ-ын Конгрессын байрыг цагдаа нар хамгаалалтдаа авч, бүсэлжээ.